Д.Амарбаясгалан: Монголд допингийн эсрэг үйл ажиллагаа авлигын шинж чанартай байна
2023-10-04

МОНАДА буюу Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагын буруугаас болж Монголын баг тамирчид Парисын олимпод цагаан тугтай оролцох нөхцөл байдал үүсээд буй. Олон улсын допингийн эсрэг байгууллагаас 2022 оны 03 дугаар сард тавьсан 21 шаардлагыг биелүүлэхгүй өнөөдрийг хүрснээр нөхцөл байдал хүндэрснээр тус байгууллага Засгийн газар, хуулийн байгууллагын хараанд өртөж, өнөөдөр допингийн мафи дэлбэрэхэд бэлэн болоод байна. 

 

АТГ-аас Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагын үйл ажиллагаа, удирдлагыг шалгаж, допингтой нэр холбогдсон бөхчүүд ч шээс сольсон асуудлаар дуугарч эхэллээ. 

 

 

Олон улсын допингийн эсрэг байгууллагаас Монгол Улсад 2024.01.22 хүртэл хугацаа өгч, алдаа дутагдлаа засах шаардлагыг тавьж буй. Энэ хугацаанд Засгийн газраас МОНАДА-ын үйл ажиллагааг шилэн болгож, хэдийнэ үүссэн бусармаг тогтолцоог нураахыг зорьж байгаагаа ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хэллээ.

 

Тэрбээр "МОНАДА нэг гэр бүлийн ТББ болчихсон. Анх үүсгэн байгуулсан таван хүн нь тухайн ТББ-ыг хэн удирдаж,  хэн авч явахыг шийддэг. Засгийн газар, МҮОХ ч оролцдоггүй.

 

Монголын тамирчид олимпын тэмцээн уралдаанд амжилт гаргаж байгаа учраас дэлхийн допингийн эсрэг байгууллагаас тавьдаг дөрвөн шатлалын хоёрдугаар шатлалд орсон юм байна. Амжилт нь ахисан учраас олон улсын допингийн байгууллагаас тавьдаг хяналт нь чангарсан гэсэн үг. Манай допингийн эсрэг байгууллага үйл ажиллагаагаа сайжруулж, олон улсын байгууллагаас тавьдаг шаардлагад нийцэх шаардлагатай болсон. Харамсалтай нь Монголын допингийн эсрэг байгууллага өнөөдрийг хүртэл шаардлагыг бүрэн хангаагүйн улмаас манай баг тамирчид олимпод цагаан тугтай оролцож болзошгүй нөхцөл үүссэн.

 

 

Монголд допингийн эсрэг үйл ажиллагаа авлигын шинж чанартай. Спортын холбоод, тамирчид, дасгалжуулагч нар хоорондоо өрсөлддөг, өрсөлдөөнийг нь шийдвэрлэдэг байдалтай байгааг бүрэн таслан зогсоохоор ажиллаж байна" гэсэн байр суурийг илэрхийллээ.

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
Орос ах нарынхаа араас ч орлоодоо. Русада гийн үйл ажиллагаанаас болж Орос улс хэдэн олимп дамжин улсынхаа тугаа өргөж чадахгүй байгаа
2023-10-04