Нийтийн тээврийн шинэчлэл нийслэлийн удирдлагуудад халтай хэрэгжив. Хотын дарга, хот хариуцсан сайдтайгаа ажлаа хүлээлгэн өгч, тендерт шалгарсан компанийн удирдлагуудад таслан сэргийлэх арга хэмжээ авлаа.
Дээр үйл явцтай холбогдуулан Засгийн газрын тэргүүн үүрэг чиглэл өгч АТГ, Эрүүгийн цагдаагийн газартай хамтарсан ажлын хэсэг мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж байгаа. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд уг хамтарсан хэсэг мөрдөн байцаалтын явцын талаар мэдээлэл хийхээр төлөвлөсөн. Мөн өнөөдөр эрх баригч хүчнийхэн ээлжит томилгоо хийнэ. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн өчигдөр "Намын удирдах зөвлөл боловсон хүчний бодлого тодорхойлж, шийдвэр гаргадаг. Маргааш /өнөөдөр/ Удирдах зөвлөл хуралдахаар төлөвлөж байгаа" хэмээн мэдэгдсэн. Учир нь МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан гадаад албан томилолттой яваа учраас ийнхүү Удирдах зөвлөлийн хуралдааныг өнөөдөр товлосон байна.
Эх сурвалжууд хотын дараагийн даргаар Х.Нямбаатарыг томилох тохироог эрх баригчид хийсэн гэх мэдээлэл байна. Л.Оюун-Эрдэнийн толгойлсон Засгийн газарт хамгийн идэвх санаачлагатай ажиллаж байгаа сайд нарын нэг бол Х.Нямбаатар. Засгийн газраас өргөн барьсан хуулийн төсөл бүрийн ажлын хэсэг салбар харгалзахгүй орж ажилладаг мэдэмхийрэгч сайдын нэг. Өөрөө Хууль зүй дотоод хэргийн яамыг толгойлдог Аялал жуулчлалын тухай хуулийн хэд хэдэн төслүүд дээр ажилласан. Гэхдээ түүний ахалж боловсруулсан Казино, морин бооцоот уралдаан болон төлбөрт тааварт тоглоомын хуулийн төслүүд цаасан дээр үлдсэн.
Харин одоо Монгол Улсын хүн амын тал хувь нь ажиллаж амьдардаг нийслэл хот түүний мэдэлд очих нь.
Х.Нямбаатарын хувьд Орхон их сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгсөж, Цагдаагийн академи, Удирдлагын Академи төгссөн. Хоёр хоногийн өмнө ажлаа өгсөн Ж.Сүхбаатар сайдын нэгэн адил аж ахуйн ажлын туршлага бага. Багш, өмгөөлөгч, хуулийн зөвлөх гэх албан тушаалуудыг хашсан.
2009 оноос Сонгинохайрхан дүүргийн Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн даргаар ажиллаж байгаад 2012 онд СХД-ийн ИТХ-ын даргаар сонгогдсон. Дараа нь 2016 онд УИХ-ын гишүүнээс сонгогдсон намтартай тэрбээр гурван жилийн өмнөөс Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байна. Тэгвэл өнөөдөр МАН-ын Удирдлагын баг түүнд хотын дараагийн даргын суудлыг "бэлэглэх" эсэх талаарх шийдвэрээ гаргана.
Уншиж байна |