МАН-ын нийтийн тээврийн шинэчлэлт босгон дээр бүдэрлээ. Нийтийн тээврийн шинэчлэх ажил хуучин автобусны шахаа байсан тухай шүүмж өрнөж, нийгмийн бухимдлыг дээд цэгт хүргэсэн өдрүүд үргэлжилж байна.
Өчигдөр УИХ-ын дарга Г.Занданшатар намрын чуулганаа нээхдээ "Нийслэл хотод 30 жил ужгирсан, яг энэ цаг үед нийгмийн бухимдлыг дээд цэгт нь хүргээд буй асуудлуудыг шалгаж, шийдэмгий, шуурхай арга хэмжээ авах нь чухал байна. Энэ зорилгоор УИХ-ын Хяналт шалгалтын түр хороог яаралтай зохион байгуулж, нийслэл дэх газрын наймаа, нийтийн тээвэр, дулаан, цахилгааны тусгай зөвшөөрөл, төрийн худалдан авалтыг тойрсон авлига, хээл хахуулийн сүлжээг ил тод болгож, хариуцлага тооцох ёстой гэж үзэж байна" хэмээн мэдэгдсэн. Тэр нийгмийн бухимдлыг хэрхэн шийдвэрлэх талаарх шийдвэрээ ийнхүү чуулганы нээлтийн үеэр хэллээ.
Удалгүй МАН-ын бүлэг Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар сайдыг явуулах шийдвэр гаргаснаа танилцууллаа. Ж.Сүхбаатар сайд ч ажлаа өгч байгаагаа нийтэд мэдээллэв. Энэ мэдэгдлийн дараа хотын даргыг Ерөнхий сайд өрөөндөө дуудсан байна. Удалгүй МАН-ын бүлэг хоёр дахь хуралдаанаа зарлаж, үргэлжүүлэн хотын дарга толгой бөхийлгөн уучлалт гуйж, ажлаа өгч байгаагаа мэдэгдлээ. Ийнхүү тэд АТГ болон Эрүүгийн цагдаагийн газрын хамтарсан шалгалтын багийн мэдэлд очсон. Алдаа завхрал хаана гарч хэн хэн үргэлжлүүлэн хариуцлага хүлээх нь тун удахгүй тодорхой болно.
Харин одоо нийслэлийн дараагийн Засаг даргыг тодруулах том шийдвэрийг эрх баригч хүчнийхэн гаргана. Хамгийн эхэнд эрх баригч хүчнийхэн удирдлагын түвшиндээ буюу Удирдах зөвлөлөө хуралдуулж дараагийн хотын даргаа тодруулна. Гэхдээ Д.Сумъяабазар хотын даргынхаа үүрэгт ажлаа өгөхдөө нийслэлийн намын хороогоо авч үлдэх тохиролцоонд хүрсэн учраас дараагийн даргыг сонгоход ч оролцоотой байх талаар яригджээ.
Эх сурвалжуудын мэдээллээр хотын даргад УИХ, Засгийн газрын гишүүн Н.Учрал, Х.Нямбаатар, НИТХ-ийн төлөөлөгч Б.Сүхбаатар, НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан нарын нэр эхний ээлжинд яригдаж байна. МАН Удирдах зөвлөлөө хуралдуулж, дараагийн хотын даргыг тодруулах хүртэл хотын даргад горилогчдын уртаас урт цуваа үргэлжлэх нь тодорхой.
П.ГОО