Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар ёсзүйн хариуцлага хүлээж, албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ. Тэрбээр энэ талаар дөнгөж сая мэдээлэл хийлээ.
Д.Сумъяабазар "Улаанбаатар хотын ажил тасралтгүй явах ёстой. Өнөөдөр намын дарга, Ерөнхий сайдтай өнөөдөр ярилцаж, хотын асуудлыг эрчимтэй явуулах үүднээс дараагийн хотын даргыг та томилох нь зүйтэй гэсэн саналыг гаргасан.
Нэг хүний асуудалтай зууралдаж суух цаг биш. Өвөл хаяанд ирж байна. Түлш, утааны нөхцөл байдал, шатахууны асуудалтай тулгарах учраас би цаг алдахгүйгээр энэ шийдвэрийг гаргасан.
Автобусны худалдан авалт хотын иргэдийг бухимдуулж байна. Би "Тэнүүн Огоо", "Эрдэм транс" компаниудын удирдлагатай нэг ч удаа уулзаж байгаагүй. Хувийн хэвшлийн үйл ажиллагааг дэмжиж, корпорацийн зохион байгуулалттай ажиллах санаачилгыг Д.Амарбаясгалан дарга гаргаж, уулзуулж байсан түүхтэй юм шүү. Ногоон автобуснаас болж иргэдийг бухимдуулсандаа уучлалт гуйж байна. Процесст нь үнэхээр алдаа гарсан юм байна. Нийтийн тээврийнхэн захиалагчийн хяналтыг дутуу тавьсан байна.
Хотын даргын ажил үнэхээр хэцүү юм байна. Би хууль тогтоох байгууллага, Засгийн газрын түвшинд ажиллаж байсан. УИХ, яам, тамгын газраас шал өөр, маш өргөн хүрээнд, маш олон эрх ашгийг хөндсөн хүнд ажил юм байна. Хотын дараагийн даргыг хайрлаарай" гэв.
Тэрбээр нийслэлийн Засаг даргын ажлыг 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээж авч байсан бөгөөд ёсзүйн хариуцлага хүлээж, өнөөдөр өргөдлөө өгч байна.