Нийтийн тээврийн шинэчлэлттэй холбоотой асуудлаас үүдэн Ж.Сүхбаатар гишүүн өнөөдөр Ерөнхий сайдад огцрох хүсэлтээ хүргүүлсэн байна.
Тэрбээр энэ талаараа "Би өөрөө хуульч мэргэжилтэй. Аж ахуйн ажилд цөөхөн оролцсон нь үнэн. Нийтийн тээврийн хөгжлийн түвшин тухайн хотын хөгжлийн түвшинг тодорхойлдог. Улаанбаатар хотын хөдөлгөөний 64 хувийг хувийн унаатай хүмүүс эзэлдэг. Сайдын ажлыг аваад хийж эхлэхэд миний бодсоноос илүү хүнд байсан. 2022, 2023 онуудад 1000 автобус ашиглалтаас гарах нөхцөл байдал үүссэн байсан. Анх төсөв батлахдаа 500 чанартай автобус авахаар төлөвлөсөн байсан. Миний зүгээс үүнийг 810 болгож нэмэгдүүлсэн нь алдаа байсан.
Миний хувьд БНСУ-ын “Daewoo” компанид итгэсэн. Үзүүлэлтүүдэд анхаарал хандуулж байсан ч будаг замаск, үйлдвэрлэлийн процесс дээр нь дутуу ажилласан байна. Иймээс Засгийн газрын гишүүний ажлыг сайн дураараа хүлээлгэж өгч байна. Автобусны жинхэнэ хулгай бас байгаа. Нийтийн тээврийн салбар дампуурч, ялзарсан. Маш олон зуун тэрбумаар мөнгө авсан 16 ААН, хоёр компани ажиллаж байна. Бодлого тодорхойгүй байснаар зорчигчдын тоо тасралтгүй буурч ирсэн. Энэ салбарын салбарын хаалгыг бага зэрэг онгойлоход л ийм далд эсэргүүцэлтэй туллаа. Нэг жил ажилласан. Заримдаа эрүү шүүлтэн дор ажиллаж байгаа юм шиг мэдрэмж төрж байсан. Хуулийн байгууллагууд удахгүй бүх зүйлийг тодорхой болгох байх. Би ёс зүйн хариуцлага хүлээж ажлаа өгч байна. Шалгуулахад бэлэн байна" гэлээ.
Уншиж байна |