УИХ-ын намрын ээлжит чуулган нээлтээ хийж байна. Хуралдааныг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэллээ.
Тэрбээр "Эрхэм хүндэт Ерөнхий сайд аа, УИХ-ын эрхэм гишүүд ээ, Хатагтай ноёд оо, Та бүхний энэ өдрийг амар амгаланг эрж мэндчилье. УИХ-ын энэ удаагийн бүрэн эрхийн “отгон” намрын чуулган эхэлж байна. Шударга ёс, эрүүл нийгэм, хөгжлийн зөв тогтолцоог шаардсан нийгмийн бухимдал өндөр, ирэх сонгуулийн идэвхжил эхэлсэн, өвөлжилтийн бэлтгэл, намрын их ажил ундарсан өндөр хэмнэлтэй цаг үед намрын чуулган эхэлж байна.
Эрхэм гишүүд ээ,
Монголын улс төр уламжлал-шинэчлэлийн зааг үеэ туулж байна. Монголын ардчиллын тулгуур багана болсон Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж, сонгуулийн шинэ тогтолцоо бүрдүүлсэн, Улс төрийн намын шинэ хууль батлагдсан гээд улс төрийн цоо шинэ уур амьсгал дор Монгол хүн бүр ирээдүйдээ итгэл найдвар тавин хүлээж байна. Тиймээс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтүүдийг бүрэн цогцоор нь амилуулах ёстой. Тогтолцооны өөрчлөлт, шинэчлэлийн үзэл санаа органик болон процессийн хууль болж хэрэгжих нь чухал. Ингэхдээ цаасан дээр үлдэх төдий биш нийгэмд, нийт тогтолцоонд бодит өөрчлөлт авчрах учиртай.
Хуучинсаг, хөшүүн, хаалттай, нууцтай, дүлий төр ард үлдэж, эсрэгээрээ нээлттэй, хурдтай, ил тод, ард түмэнтэйгээ ямагт хамт байдаг, хүчтэй төрийг төлөвшүүлэхийг иргэд дуу нэгтэй шаардаж байна. Энэ шаардлагын дагуу УИХ шуурхай, мэдрэмжтэй ажиллаж, иргэдийн засаглах, мэдэх, хянах, хариуцлага тооцох, оролцооны эрхүүдийг баталгаажуулсан олон хууль тогтоомжийг баталсан. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр дамжуулан иргэдийн мэдэх эрхийг хангах зорилготой парламентын хяналт шалгалтын бүрэн эрхийг өргөтгөсөн. Хянан шалгах түр хороо, Нийтийн сонсгол зэрэг ард түмний хяналт, оролцооны эрхийг энэ хуулиар баталгаажуулсан. Одоо иргэдийн бухимдлыг төрүүлсэн элдэв булхай луйврыг төрийн эрх барих дээд байгууллага ард түмэнтэйгээ хамтран хянан шалгах бүрэн эрхтэй болсныг та бид тууштай хэрэгжүүлэх ёстой.
Босоо хэлбэртэй байсан хариуцлагын тогтолцоо хэвтээ болж ард иргэд, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн хамтарсан хяналт, оролцоо, ардчилал, ил тод байдал дээр тулгуурладаг болсныг бүх шатанд ойлгож хэрэгжүүлбэл зохино. Ардчиллын манлайлагч С.Зоригийн “Монгол хүний саруул ухаанд би итгэдэг” гэж өгүүлсэнчлэн УИХ-ын гишүүд маань ард иргэдийнхээ чин хүсэл зоригийг мэдэрч ажиллах ёстой. Худал хуурмаг, хулгай луйвар тав алхалгүй танигдаж, илчлэгддэг болжээ. Хууль зөрчсөн, ард түмнийхээ боломжийг хулгайлсан үйлдлүүдэд хуулийн хариуцлага тооцож, төрийн бодлого нь иргэдийнхээ хүсэлт, шаардлагад нийцэж ажиллах хэрэгтэй байна. Ингэж чадахгүй бол төр-иргэний итгэлцэл алдарна. Монголын төр засаг авлигатай тэмцсээр байгаа ч үр дүн өргөс авах мэт түргэн гарахгүй байна. Амин хувийн эрх ашгаа бүхнээс дээгүүрт тавьсан цөөнх хэсгийн шуналт үйлдлийн үр дагавар хөгжлийг гацааж, Монгол төрийн нэр хүндийг удаанаар, “тогтвортой” унагаж, баллуурдаж байна.
Тиймээс УИХ-ын эрхэм гишүүд та бүхнийг авлигын эсрэг тэмцэлдээ сэтгэл зориг нэгтэйгээр, тууштай зүтгэхийг хүсэж байна. Та бид өнгөрсөн хаврын чуулганыг Авлигын эсрэг чуулган гэж зарлаж, Авлигын эсрэг үндэсний хөтөлбөр, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай зэрэг хуулийг баталсан. Авлигын эсрэг тэмцэх эрхэм зорилгоо энэ чуулганд ч үргэлжлүүлж, дараагийн алхмуудыг хийх ёстой. Нийслэл хотод 30 жил ужгирсан, яг энэ цаг үед нийгмийн бухимдлыг дээд цэгт нь хүргээд буй асуудлуудыг шалгаж, шийдэмгий, шуурхай арга хэмжээ авах нь чухал байна. Энэ зорилгоор УИХ-ын Хяналт шалгалтын түр хороог яаралтай зохион байгуулж, нийслэл дэх газрын наймаа, нийтийн тээвэр, дулаан, цахилгааны тусгай зөвшөөрөл, төрийн худалдан авалтыг тойрсон авлига, хээл хахуулийн сүлжээг ил тод болгож, хариуцлага тооцох ёстой гэж үзэж байна.
Эрхэм гишүүд, УИХ дахь Нийслэлийн хөгжлийн түр хороо, холбогдох Байнгын хороод, намын бүлгүүд үүн дээр онцгойлон анхаарч ажиллахыг үүрэг чиглэл болгож байна. Түүнчлэн Монголын эдийн засагт үлэмж хэмжээний хохирол учруулсан “нүүрсний” гэх тодотголтой хэргийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг нэн тэргүүнд зохион байгуулахыг иргэд биднээс шаардаж байгааг анхааралдаа авахыг Түр хорооноос хүсье. Шүүх байгуулах тухай хуулиас эхлээд Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай зэрэг хуулиудыг баталж, эрх зүйн шинэчлэлээ гүнзгийрүүлэх шаардлагатай байна. Шүүхийн тухай хуулийн зарим заалт, тухайлбал шүүх тогтолцооны гажуудлыг засах чиглэлээр хууль хэрэгжүүлэхгүй байгаа тайлбараа УИХ-д ирүүлэхийг ШЕЗ-ээс шаардаж байна.
Сахилга хариуцлагыг бүх шатанд мөрдөх цогц шинэчлэлийг хийж, авлигын суурь шалтгаан болсон төрийн данхар эрх мэдлийг хумьж, эдийн засаг дахь оролцоог нь эрс багасгах бодит хэрэгцээ шаардлага хойшлуулшгүй чухал болжээ. Энэ зорилгоор бизнес үйлдвэрлэл, баялаг бүтээгчдийг дэмжих багц хуулийг яаравчлан батлах хэрэгтэй байна. Мөн уул уурхай дагасан хэт цөөнхийн эдийн засгийн эрх мэдлийг хумих, төрийн өмчит компаниудыг нээлттэй компани болгох, аялал жуулчлал, хөдөө аж ахуйгаа хөгжүүлж, мал аж ахуйн үйлдвэрлэлийг жинхэнэ ёсоор сэргээж, олонхын оролцоог дэмжсэн, уламжлалт ахуйдаа суурилсан томоохон хөтөлбөрийг батлан хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байна.
Задралаас нэгдэл рүү шилжих түүхэн хийгээд бодит боломж энэ хөтөлбөрийн шийдэлд байгаа юм. Монгол улсын мал өсөх тусам малчингүй, бэлчээргүй, үр ашиггүй, үржил шимгүй болж, хор хөнөөл нь илүү ихсэх гажуудал руу бид явж байна. Япончууд технологи бидний хөгжил гэж тодорхойлоод, түүнийгээ төрийн төлөвлөгөөт зохицуулалтаар хэрэгжүүлсэн бол, израйлчууд хөдөө аж ахуйг хөгжлийн боломж гэж харж, төрийн бодлогын төвд тавьснаар хоёулаа өндөр хөгжсөний адил монголчууд бид ухдаг баялгийн нөөцөө ашиглан ургуулдаг баялгийн салбар буюу хөдөө аж ахуйгаа хөгжлийн тулгуур болон босох цаг иржээ. Энэ бидэнд тийм ч хэцүү зорилт биш ээ. Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн Хот, Хөдөөгийн сэргэлтийн зорилттой уялдуулах замаар эрх зүйн шинэчлэлийн хүрээнд үүнийг үр дүнтэй хэрэгжүүлэх бүрэн боломж бидэнд бий.
Эрхэм гишүүд ээ,
Монголчууд бид дан саар биш, дажгүй олон сайн үйл явцын эхлэл дээр бас байна. Эдийн засаг тэлж, экспорт түүхэн дээд хэмжээндээ хүрч, валютын нөөц 4.0 тэрбум долларыг давлаа. Нэг хүнд ногдох ДНБ 5000 ам долларт хүрсэн нь авлигатай хийж буй тэмцлийн нэг бодит үр дүн мөн. Гацаа саадууд, бугшсан буруу бүхнийг оношлон зассанаар, тун ойрын жилүүдэд бид эдийн засгийн үсрэнгүй хөгжлийн гэрч болох боломж байна.Ирэх онд бид шинэ тогтолцоогоор, анхны сонгуулиа хийнэ. Одооноос бэлтгэлийг маш сайн хангах ёстой. Энэ мэт олон шинэ сорилт шийдэл бидний өмнө байна. Алдаанаасаа суралцаж, буруугаа засаж, Шинэ сэргэлтийн төлөө тэмүүлсэн бидний хамтын зүтгэл талаар өнгөрөх ёсгүй ээ. Алдаагаа засах тусам ардчилал төгөлдөрших ёстой. Үүний үр дүнд улс төрийн цоо шинэ соёл, хандлага тогтож, тэр нь Монгол Улсын хөгжил дэвшлийн хурдасгуур болно гэдэгт эргэлзэхгүй байна.
Цар тахал, дайн самуун дараалсан он жилүүдэд манай улсын гадаад харилцааны бодлого төв, тэгш байгааг дурдах ёстой. Бид хөрш орнууд болон эх дэлхийдээ энх тайвныг баримтлагч улс гэдгээ тогтвортой тунхагласаар байна. Илт сэргэж, эрс идэвхжсэн гадаад харилцааны олон чухал айлчлал үргэлжилж, Монгол Улсад маань түүхэн боломжууд шинээр бий болсоор байгааг энд дурдах нь зүйтэй байх аа. Гадаад ертөнцөд хүйтэрсэн уур амьсгал, дотоод талдаа илүү дулаан байхыг биднээс шаардаж байгааг хүн бүр ойлгох буй за. Намрын чуулганы нэг томоохон ажил бол Монгол Улсын 2024 оны төсвийг хэлэлцэн батлах явдал юм. Энэ жилийн төсвийг сонгуулийн жилийн төсөв болгохгүй байхад онцгойлон анхаарахыг Эрхэм гишүүд та бүхнээс хүсэж байна. Эрсдэлт нөхцөл байдал илааршаагүй энэ цаг үед болзошгүй нөхцөлд бэлэн байх нь бидний үүрэг. Ирэх оны төсөв гагцхүү үр өгөөж, хуульд заасан гарцаагүй үндэслэлд суурилах ёстой. Төсвийг үндэслэлгүйгээр тэлэх, олсныхоо хэрээр цацах үрэлгэн хандлага гаргаж яавч болохгүй. Элдэв амлалтыг хойш тавья. Сонгуулийн жилийн төсөв сонгогчдын санал цуглуулахад чиглэдэг өмнөх гажгийг засацгаая.
Үүний тулд улсын төсвийг батлах хэлэлцүүлэгт туйлын хариуцлагатай хандахыг уриалж байна. Төсвийн хэлэлцүүлгийн өмнө Ерөнхий сайд орон нутагт ажиллаж, иргэдийн оролцоотой төсвийн хэлэлцүүлгийн эхлэлийг тавилаа. Иргэдийн хүсэл сонирхол, санал шаардлагыг төсөвт тусгах төсвийн хэлэлцүүлгийг үр дүнтэй зохион байгуулах нь чухал байна. Эцэст нь Монголын нийгэм амьд хэв шинжээр сайн тал руугаа өөрчлөгдөж байгааг тэмдэглэж хэлье. Иргэдийн оролцоо идэвхжиж, шүгэл үлээгчид олширч, нийгмээрээ буруу булхайгаа шүүн хэлэлцэж, худал хуурмагт орон зай үлдээлгүй шахаж байна. Энэ бүхэн бол хөгжин дэвжих үндэстний амьд бүтээлч, эрмэлзэл тэмүүлэл дүүрэн, сайн шинж яах аргагүй мөн. Цаашид та бидний ард түмнийхээ хяналт, оролцоотойгоор хэлэлцэн баталсан олон хууль цаг хугацааны шалгуурыг дааж, Монголын хөгжлийг тэтгэх эрх зүйн хөшүүрэг, хурдасгуур болно гэдэгт бүрэн итгэлтэй байгаа. Нийгэмд оюун санааны хөгжил өөрчлөлт хурдацтай явагдаж, буруугаа дүгнэж, зөв зүг рүүгээ чиглэж буй энэ түүхэн цаг үед Эрхэм гишүүд та бүхний саруул ухаан, мэргэн шийдвэр, онч бодлого, зөвийн төлөөх зориг шийдэлд бүрнээ итгэж байгаагаа илэрхийлье.
УИХ-ын Эрхэм гишүүд ээ, Монгол Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулган нээснийг мэдэгдье" гэлээ.