Хүн амины хэргээр 11 жилийн хорих ял сонссон Б.Махбалыг сулласан гэх мэдээлэл өнөөдөр өглөө нийгмийн сүлжээнд шүүмжлэл дагуулж байна. Төрийн байгууллагын үүдэнд нэгнийгээ онц хэрцгийгээр хүний амь хөнөөсөн хэрэг одоогоор таван жилийн өмнө гарсан байдаг. Тодруулбал, ЗТХЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Б.Махбал нь яамныхаа Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Г-гийн амийг 2018 оны наймдугаар сарын 9-нд хөнөөсөн аймшигт үйл явдал болсон.
Төрийн яаман дотор газрын дарга нар архи ууж, яамныхаа үүдэнд нэгнийхээ амь насанд хүрсэн ноцтой хэрэг гараад таван жил, нэг сар, 17 хоногийн дараа уг хэргийг хэрэг үйлдсэн этгээд болох Б.Махбал өчигдөр СУЛЛАГДЛАА. Чухам яагаад ямар учраас хүн амины гэмт хэрэгтэн тавхан жилийн хорих ял эдлээд суллагдав гэх асуулт нийгэмд хариулт нэхэж байна. Шүүхийн байгууллагаас "Багануурын хорихоос магадлангаар суллагдсан юм байна" гэх товчхон мэдээллийг өглөө.
Б.Махбалын хувьд ШШГЕГ-ын харьяа Багануур дахь 427 дугаар хаалттай хорих ангид ял эдэлж байсан ч Багануур дахь хорих ангийн удирдлагаас Б.Махбалыг засрал хүмүүжлийг олсон гэсэн дүгнэлт бичиж, хугацаанаас нь өмнө тэнсэн суллуулахаар хандсаныг Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч хүлээн аваад, суллах захирамж гаргасан нь энэ аж. Өмнө нь Х.Баттулга Ерөнхийлөгч байхдаа бүрэн эрхийнхээ хүрээнд уучлал үзүүлж, нэг жил 11 сарын хорих ялыг нь багасгасан байдаг.
Нэг үгээр экс Ерөнхийлөгчийн уучлал үзүүлж, дараа нь 427 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн дарга, хурандаа Б.Тамир дүгнэлт гаргаж, Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Махбалыг магадлангаар суллажээ.