Өнгөрсөн оны 11 дүгээр сард Польшийн Пшеводув хотод Оросын пуужин унаж, хоёр хүний аминд хүрсэн гэх мэдээлэл гарсан. Энэ пуужин нь Оросынх биш гэж ОХУ-ын Батлан хамгаалах яам мэдэгдсэн бол Польшийн тал "пуужинг аль улс хөөргөснийг нотлох баримт байхгүй" хэмээж байлаа. Харин Ассошейтед пресс агентлаг Польшид унасан пуужин Украиных гэж нэрээ нууцалсан эх сурвалжуудаас авсан мэдээлэлтэйгээр дамжуулж байв.
Аль улс пуужин хөөргөж, энэ нь Польшийн нутагт унасан талаарх сэдэв ихээхэн маргаан дагуулж, Польш улс ч энэ хэрэгтэй холбоотойгоор мөрдөн шалгалтын ажлыг эхлүүлж байлаа. Энэ шалгалтын дүнд Польшид унасан пуужинг Украины талаас хөөргөсөн гэсэн дүгнэлт гарчээ. Польшийн Үндэсний прокурорын газар пуужин унасантай холбоотой хэргийг шалгахдаа олон эх сурвалж, үндэсний албадын нууцлалын зэрэгтэй мэдээллүүдийг ашигласан байна.
Ингээд Польшийн тал пуужин унасантай холбоотой хэргийг шалгах асуудлыг Украины талд тавьсан бөгөөд одоо хариу хүлээж байгаа аж. Украины нутаг дэвсгэрээс хөөргөж, Польшийн нутаг дээр унасан пуужин нь Орост үйлдвэрлэсэн С-300 пуужин, 75-90км тусгалтай гэдгийг Польшийн мөрдөн байцаагчид тогтоосон байна.
Пуужинг хөөргөх үед Оросын цэргүүд Пшеводуваас хол байсан, Беларусиас хөөргөсөн байлаа гэхэд Беларусь дахь Оросын цэргийн байршлаас Пшеводув хүртэл 150 км зайтай тул Оросын цэргүүд хөөргөсөн байх боломжгүй гэж мөрдөн байцаагчид үзжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |