Ливид тохиосон үерийн гамшгаас сэргийлж чадаагүй албан тушаалтнуудыг баривчилжээ
2023-09-27

Энэ сарын дундуур Ливид байгалийн гамшиг тохион, үер бууж, далан сэтэрсний улмаас олон мянган хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Улмаар далан сэтэрсэнтэй холбоотойгоор Ливид мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлжээ. 

 

Ройтерс агентлагийн мэдээлснээр, есдүгээр сарын 10-ны өдөр далан сэтэрч, Дерна хотод олон мянган хүний амь эрсдэх шалтгаан болсон хоёр далан сэтэрсэнтэй холбоотой хэргийг шалгах явцад Ливийн найман албан тушаалтныг урьдчилан саатуулах шийдвэрийг Ливийн Ерөнхий прокурор гаргасан байна. Эдгээр хүмүүс нь Усны нөөцийн газарт хариуцлагатай алба хашиж байгаа болон хашиж байсан хүмүүс бөгөөд тэднийг ажил үүрэгтээ хайхрамжгүй хандсан гэж үзэн хорьж саатуулахаар болжээ. Түүнчлэн Дерна хотын дарга эмгэнэлт үйл явдал болсны дараа хотын зөвлөлийн бусад гишүүдийн хамт халагдсан юм. 

 

Дерна хотод сэтэрсэн хоёр даланд ан цав үүссэн байгааг 20 жилийн өмнө л илрүүлж байжээ. Түүнчлэн 2022 оны 11 дүгээр сард нийтлэгдсэн судалгааны ажилд Ливийн инженер, эрдэмтэн Абдель-Ванис Ашур эрх баригчид энэ хоёр даланг засахгүй бол Дерна хот сүйрэлд өртөнө хэмээн сануулж байсан аж. Гэсэн ч эрдэмтний үгийг үл ойшоосны балгаар ийм сүйрэлд Дерна хот өртжээ. 

 

Есдүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө Ливийн дорнод хэсгийг Дэниэль шуурга дайрч, Газрын дундад тэнгисийн эрэг дээр байх, 100 мянган хүн амтай Дерна хотод голын дээд урсгал дээрх далан сэтэрсэн. Далан сэтэрсний улмаас их хэмжээний ус хотын барилга байшин, зам, машиныг хаман, тэнгис рүү цутгаж, 4000 орчим хүн амиа алдан, олон мянган хүн сураггүйд тооцогдсон хэвээр байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин