ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин төрийн зарим албан хаагчдын хөдөлмөрийн хөлсийг 2023 оны 10 дугаар сарын нэгний өдрөөс эхлэн 5,5 хувиар индексжүүлэх тушаалд гарын үсэг зуржээ. Энэ тушаал ОХУ-ын эрхзүйн мэдээллийн албан ёсны портал дээр нийтлэгдсэн байна.
Тушаалд зааснаар, цалингийн нэмэгдэл ОХУ-ын Ерөнхийлөгч, Аюулгүйн зөвлөлийн орлогч дарга Дмитрий Медведев, Төрийн Думын гишүүд, Холбооны зөвлөлийн гишүүд, гүйцэтгэх засаглалын холбооны байгууллагуудын зарим захирал, элчин сайд болон консулын газкрын ажилтнууд, бусад орнууд дахь олон улсын байгууллагуудад Оросыг төлөөлж буй хүмүүст хамаарах аж. Түүнчлэн ирэх сарын нэгнээс ОХУ-ын төрийн албан тушаалыг хашиж буй этгээдүүдийн мөнгөн урамшууллыг 1,055 дахин нэмэх талаар тушаалд заажээ.
Ийнхүү Оросын өндөр албан тушаалтнуудын цалинг нэмснээр тэд хичнээн хэмжээний цалин авах нь тодорхойгүй байгаа юм. Учир нь 2022 оны сүүлээр Путин тушаал гаргаж, өндөр албан тушаалтнууд дайны үеэр орлогоо мэдүүлэхгүй байхыг зөвшөөрсөн тул хамгийн сүүлд албан тушаалтнууд 2021 оны орлогын мэдүүлгээ 2022 оны тавдугаар сард тайлагнаж байв.
Ийм албан ёсны тайланд өгүүлснээр, 2021 онд Путин 10,2 сая рублийн орлого олсон байна. Энэ нь өмнөх 2020 онтой харьцуулахад 208 мянгаар ахисан үзүүлэлт юм. Харин Медведев 2021 онд орлогоо 8,3 сая рубль гэж мэдүүлсэн нь өмнөх оноос мөн л ихээхэн өссөн үзүүлэлт болж байгаа талаар Москва таймс мэдээлжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |