Байден машины үйлдвэрийн ажилчдыг дэмжиж, тэдний тэмцэлд нэгдэв
2023-09-27

АНУ-ын Мичиган мужид автомашин үйлдвэрлэлийн ажилчид ажил хаяж, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулахыг шаардан тэмцэж байгаа юм. Энэ тэмцлийг АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден дэмжжээ. 

 

ВВС агентлагийн мэдээлснээр, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Мичиган мужид айлчлах үеэрээ ажил хаялт зарласан автомашины үйлдвэрийн ажилчдыг дэмжиж байгаагаа илэрхийлэн, тэдний тэмцэлд нэгдсэн байна. Ингэснээр АНУ-ын түүхэнд, үүрэгт ажлаа гүйцэтгэж байгаа Ерөнхийлөгч ажил хаялтыг дэмжсэн анхны тохиолдол болж байгаа юм. Өмнө нь нэг ч Ерөнхийлөгч ажил хаягсдыг дэмжиж байсан тохиолдол гарч байгаагүй аж. 

 

Ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд Байдентай өрсөлдөж магадгүй Дональд Трамп Мичиганд ирэхээр төлөвлөсөн өдрөөс нэг хоногийн өмнө Байден Мичиган мужил очсон байна. Улмаар тэрбээр ажил хаяж буй ажилчдыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн бол харин үйлдвэрийн ажилчид ирэх сонгуульд нэр дэвших улс төрчид тэдний тэмцлийг улс төржүүлж болзошгүй хэмээн эмээж байгаа талаар Америкийн хэвлэлүүд мэдээлжээ. 

 

Тэмцэлд оролцогчдод хандан хийсэн мэдэгдэлдээ Жо Байден "ажилчид цалингаа нэмүүлэх болон бусад давуу талуудыг авах эрхтэй" хэмээн мэдэгдсэн байна. Харин ажил хаяж буй ажилчдын зарим төлөөлөл Байден болон Трамп нар тэдний тэмцлийг дэмжих нь тэмцлийн үр дүн нааштай байна гэдгийн баталгаа болж чадахгүй гэж үзэж байгаа аж.

 

"Тэдний хэн нь ч энд ирээгүй бол илүү сайн байх байсан юм. Бид хүмүүсийг хагалан бутаргахыг хүсэхгүй байна. Гэтэл ямар нэг асуудалд улс төр хутгалдаад ирэхээр л маргаантай нөхцөл байдал үүсдэг шүү дээ" хэмээн ажил хаялт зарласан ажилчдын нэг ВВС агентлагт ярьжээ.

Тэдний ийн болгоомжилж байгаа нь ч үндэслэлтэй. Учир нь ирэх сонгуульд Мичиган муж ихээхэн нөлөөтэй гэж шинжээчид үзэж байгаа бөгөөд тиймдээ ч Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэхээр зэхэж буй улс төрчид ажилчдын бослогыг ашиглан, улс төрийн оноо авах магадлалтай юм. 

Ажил хаялт 

 

Америкийн автомашин үйлдвэрийн үйлдвэрчний эвлэлийн хороо Ford, General Motors, Stellantis гэсэн гурван том компаниас ажилчдын цалинг нэмэх, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулахыг шаардан ажил хаялт зарласан юм. Долоо хоногийн өмнө эхэлсэн энэ ажил хаялтад дээрх гурван компанийн үйлдвэрийн ажилчдыг хамарч, урьд хожид гарч байгаагүй хамгийн өргөн цар хүрээг хамарсан тэмцэл болжээ. 

 

Тодруулбал, Мичиган, Миссури, Охайо дахь  Ford, General Motors, Stellantis гэсэн гурван компанийн үйлдвэрүүдийн нийт 13 000 ажилчин ажил хаялтад оролцож байгаа юм. Ажилчид ирэх дөрвөн жилийн дотор цалинг 36 хувиар нэмэхийг шаардаж байгаа бол компаниуд цалинг 17,5-20 хувиар нэмэхийг л зөвшөөрчээ. 

 

Америкийн гурван муж дахь нийт 38 үйлдвэрийг хамарсан энэ ажил хаялтын улмаас сэлбэг хэрэгсэл нийлүүлэлт зогсож, компаниуд алдагдал хүлээгээд эхэлсэн тул Ford компани буулт хийж эхэлсэн байна. Ford компани сэлбэг хэрэгсэл үйлдвэрлэх үйлдвэрийн ажилчдын цалинг нэмэх, түр ажилд томилогдсон ажилчдыг нэн даруй үндсэн ажилтнаар авах, 90 өдрийн дараагаас ажилчдад орлого хуваахыг зөвшөөрчээ. Олон нийтийн зүгээс ч энэ тэмцлийг дэмжиж байгаа бөгөөд гэхдээ сэлбэг хэрэгсэл зах зээл дээр хомсдоод ирэх үед олны дэмжлэг үгүй болох эрсдэлтэй байгаа аж. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин