Японы эрдэмтэд хиймэл оюун ухаан ашиглан тахианы хэлийг орчуулах аргыг боловсруулжээ. Энэ талаар Business Insider мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, профессор Дэвид Чеок "сэтгэл хөдлөлийн анализ" хэмээх тусгай технологийг ашиглажээ. Энэ технологи нь тахианы сэтгэл хөдлөлийг тодорхойлоход тусладаг аж.
Туршилтын явцад эрдэмтэд 80 тахиа дээр орчуулах аргаа туршжээ. Улмаар энэ арга тахиа тухайн үед стресс, сэтгэл хөөрөл мэдэрсэн эсэх, өлссөн, ямар нэг зүйлээс айсан эсэхийг тодорхойлж чадах нь батлагдсан байна.
Шувууны сэтгэл хөдлөлийг мэдсэнээр түүнийг тэжээх, үржүүлэх сайн нөхцөлийг бүрдүүлэх боломжтой гэж Дэвид Чеок өгүүлсэн бөгөөд тахианы үүлдрээс хамаарч тэдний хэл ч өөрчлөгдөж болно хэмээн онцолжээ.
Г.Бямбасүрэн