Хятадын Сычуань муж дахь Баруун Хятадын багшийн их сургуулийн дэргэд хулсны баавгай судлах анхны коллеж байгуулагджээ. Энэ талаар Синхуа агентлаг мэдээлсэн байна.
Хулсны баавгай судлах коллежид ховор амьтан, ургамлыг хамгаалах салбарын мэргэжилтнүүдийг бэлтгэх аж. Энэ сургууль экологийг хамгаалах, хулсны баавгайн идээшлэх орчныг сэргээх, ээн баавгайн тоо толгойг хадгалах, судалгаа явуулах чиглэлд тэргүүлэгч байх зорилго тавьжээ. Түүнчлэн Хятадад байгуулагдах хулсны баавгайн үндэсний цэцэрлэгт хүрээлэнг байгуулах ажилд энэ коллеж оролцох юм байна.
Хятадад хулсны баавгайн анхны судалгааг хийсэн, хулсны баавгайг ажиглах дэлхийн анхны станцыг байгуулсан, онгон байгаль хамгаалах салбарт Хятадын олон улсын хамтын ажиллагааг анхлан үндсийг нь тавьсан, хулсны баавгайн эрдэм шинжилгээний анхны бүтээлийг гаргасан гээд хулсны баавгайн судалгаатай холбоотой анхдагч бүхнийг Баруун Хятадын багшийн их сургуулийн шинжээчид гүйцэтгэсэн тул энэ сургуулийг түшиглэн хулсны баавгайн коллежийг байгуулсан аж. Түүнчлэн Сычуань мужийн Чэндуд хулсны баавгай судлах, үржүүлэх үндэсний төв байдаг юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |