2011 онд байгалийн гамшгийн улмаас Фукушима-1 атомын цахилгаан станц дээр осол болж, үүний дараа реакторуудыг хөргөх зорилгоор ашигласан усыг тусгай нөөцлүүрт хадгалж байгаад цэвэршүүлэн, тэнгист асгах ажлыг Япон улс өнгөрсөн сард эхлүүлсэн. Энэ нь хөрш орнуудын зүгээс ихээхэн эсэргүүцэлтэй тулгарч, Хятад улс Японы далайн бүтээгдэхүүнд хориг тавьсан юм.
Фукушима атомын цахилгаан станцын усыг асгасан орчин дахь далайн бүтээгдэхүүн ямар ч аюулгүй гэдгийг харуулах зорилгоор Японы Ерөнхий сайд тэргүүтэй улс төрчид олны өмнө, Фукушима станцын ойролцоогоос барьсан загас идэж байлаа. Харин энэ удаад Таиланд улс Японоос нийлүүлсэн далайн бүтээгдэхүүн аюулгүй гэдгийг баталсан гэж Бангкок пост сонин мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Японоос Таиландад нийлүүлсэн далайн бүтээгдэхүүнийг шалгахад цацра идэвхит материалын ул мөр олдоогүй гэнэ. Японы бүтээгдэхүүнээс дээж авч шинжлэхэд энэ бүтээгдэхүүний чанар олон улсын стандартад нийцэж байгааг тус улсын Хүнсний бүтээгдэхүүн, эм бэлдмэлийн чанарын хяналтын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Лертчай Лертвут мэдэгдсэн байна. Түүний өгүүлснээр 75 дээжээс 42-т нь ямар ч ул мөр илрээгүй бөгөөд үлдсэн дээжүүдээс цацрагийн бохирдлын ул мөр олдвол далайн бүтээгдэхүүнийг устгаж, нийлүүлэлтийг зогсоох аж.
Наймдугаар сард Японы эрх баригчид Фукушима -1 атомын цахилгаан станцаас цэвэршүүлсэн усыг тэнгист асгах болсонтой холбоотойгоор Таиланд улс Японоос нийлүүлэгдэж буй далайн бүтээгдэхүүний шалгалтыг чангатгасан байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |