Бразилын хавар +50 хэмийн дулаанаар эхэлжээ
2023-09-26

Бразилд одоо хаврын улирал эхэлж байгаа ч энэ улсад хэт халуун өдрүүд тохиож, Цельсийн +50 хэмийг зааж байгаа талаар МИР24 суваг мэдээлжээ. 

 

Дэлхийн өмнөд тал бөмбөрцөгт орших Бразилд есдүгээр сар хавар эхэлж, борооны улирал тохиодог ч энэ жил хэт халж, Цельсийн +50 хэмд хүрч байгаа аж. Хэт халуун өдрүүдэд Ипонема, Копакабана наран шарлагын газрууд хүнээр дүүрч, харин Рио-де-Жанейро хотод асфальт хайлж байгаа гэнэ. Аагим халуун өдрүүдэд айл бүр агааржуулагч, сэнс ашиглаж байгаагийн улмаас эрчим хүчний хэрэглээ эрс өсчээ. 

 

Бразилын Үндэсний цаг уурын алба Рио-де-Жанейро зэрэг хэд хэдэн бүсэд түгшүүрийн улаан дохиог зарласан байна. Сүүлийн найман жил энэ улсад цаг агаар хэт халж, хүмүүс ч энэ нөхцөлд дасан зохицох шаардлагатай болсон гэж Рио-де-Жанейрогийн Холбооны их сургуулийн цаг уур судлалын тэнхимийн профессор Рената Либонати өгүүлжээ. Хэт халууны улмаас гадаа дасгал, биеийн хүчний ажил хийхгүй байх, аль болох гэрээсээ гарахгүй байхыг эрх баригчид иргэддээ хандан сануулсан байна. Цаг уурчдын  мэдээлснээр, аагим халуун дахин хэдэн өдөр үргэлжлэх аж. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин