Лондонгийн цагдаагийн газар жүжигчин, комедиан Расселл Брэндтэй холбогдох хэргийг шалгаж эхэлсэн талаар CNN агентлаг мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Расселл Бренд үйлдсэн бэлгийн хүчирхийллийн хэд хэдэн хэргийн тухай хэвлэлүүдээр цацагдаж, дуулиагн дэгдсэний дараа цагдаагийн газар энэ хэргийг албан ёсоор шалгахаар болсон байна. Хүчингийн хэргийн хохирогчдоос ч хэд хэдэн өргөдөл ирсэн гэж цагдаагийн газар мэдэгджээ.
Расселл Брэнд гэж хэн бэ?
Рассел Брэнд бол стендап комедиан, жүжигчин, телевиз, радиогийн хөтлөгч бөгөөд түүнийг орчин үеийн поп соёлд ихээхэн нөлөө үзүүлсэн гэж үздэг юм.
Тэрбээр хувийн амьдрал, хар тамхи хэрэглэж байсан тухай зэрэг төрөл бүрийн сэдвээр радио нэвтрүүлэг хийж, тайзнаа ярьдаг байв. Тэрбээр 2001 оны есдүгээр сарын 12-ны өдөр буюу Нью-Йоркийн ихэр цамхаг алан хядагчдын халдлагад өртсний маргааш өдөр нь өөрийнх нь өгүүлснээр "Осама бен Ладены хувцас" өмсөж ирснийхээ төлөө MTV сувгаас халагдаж байв.
2000-аад оны дунд үед Брэнд Их Британийн хамгийн эрэлттэй шоумен болж, хөгжмийн гол шагнал гардуулах ёслолуудыг хөтөлдөг байсан юм. 2006-2008 онуудад ВВС-ийн Radio 2 сувагт ажиллаж байгаад мөн л дуулиан тарьж, халагдаж байжээ. Тухайн үед тэрбээр эфирт ирээгүй зочноо доромжилсон дуут мессеж үлдээсэн аж. Энэ эфирийг үзсэн 40 мянга гаруй хүн гомдол гаргаж, радиог 150 мянган фунтээр торгож байжээ.
2010 онд Брэнд поп од Кэти Перритэй гэрлэсэн ч тэд хоёр жилийн дараа салсан байна. Сүүлийн жилүүдэд Брэнд хуйвалдааны онолд итгэгч нэгэн болсон бөгөөд 6,6 сая дагагчтай Юүтүб суваг дээрээ ковидыг хиймлээр гарган авсан, АНУ-ын захиргаанд цэргийн гэмт хэрэгтнүүд ажилладаг гэх зэргийг ярьж байв. Мөн долоо хоног тутамд хуйвалдааны онолын талаар дагагчдадаа ярьдаг аж.
Рассел Брэндийг ямар хэрэгт буруутгаж байгаа вэ?
Times, Sunday Times сонин болон Channel4 суваг хамтран эрэн сурвалжлах нийтлэл бэлдсэн бөгөөд энэ нийтлэлд Расселл Брэнд эмэгтэйчүүдийг хүчирхийлсэн дөрвөн хэрэг үйлдсэн хэмээжээ. Энэ хэргүүдийг тэрбээр 2006-2013 оны хооронд үйлдсэн байна.
Нэг эмэгтэйн өгүүлснээр, Брэнд түүнийг Лос-Анжелес дахь гэртээ, бэлгэвчгүйгээр хүчирхийлж, дараа нь гэрээсээ явуулахгүй байсан тул эмэгтэй хүчирхийллийн хохирогчдод тусоламж үзүүлэх төвд хандсан гэнэ. Энэ хэрэг зохих байгууллагад албан ёсоор бүртгэгджээ.
Хоёр дахь эмэгтэйн өгүүлснээр, түүнийг ердөө 16 настай байхад Брэнд хүчирхийлж доромжилсон гэнэ. Харин гурав дахь эмэгтэйн өгүүлснээр, Брэнд түүнаийг хүчирхийлж, энэ талаар хэн нэгэнд ярьвал шүүхэд өгнө гэж сүрдүүлсэн аж. Мөн л Брэндэд хүчирхийлүүлж, бие махбодь болон сэтгэл санааны хохирол амссан талаар өөр нэг эмэгтэй сэтгүүлчдэд ярьжээ. Сэтгүүлчид тэдний нэрийг нууцалсан байна.
Гэрчүүд болон бусад эх сурвалжуудын өгүүлснээр, Брэнд эмэгтэйчүүдэд ийн ханддаг нь хэнд ч нууц биш, ил болсон хэргүүд нь ердөө л мөсөн уулын орой гэнэ. Тухайлбал, телевизэд ажиллаж байх үед Брэнд эмэгтэйчүүдийг "татаж чангаана" гэж үзсний улмаас түүний шоуны багт эмэгтэйчүүдийг авдаггүй гэсэн яриа гарч байсан талаар нэг эмэгтэй өгүүлсэн байна. Өөр нэг эх сурвалжийн өгүүлснээр, Брэнд шууд л студид хамаг хувцсаа тайчиж, хамт ажилладаг эмэгтэйчүүдээ доромжилдог байсан гэнэ.
Эрэн сурвалжлах нийтлэл гарсны дараа л Брэндэд хүчирхийлүүлсэн гэх өөр эмэгтэйчүүд редакцид хандсан гэж Таймс сонин мэдээлжээ. Энэ хэргүүдийг ч зохих байгууллага судлан, шалгах юм байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |