Өнгөрсөн долоо хоногт Азербайжан Уулын Карабахд цэргийн ажиллагаа явуулж эхлэн, үүний хариуд Арменийн эрх баригчид цэрэг илгээхгүй гэсэн шийдвэр гаргасныг арменичүүд эсэргүүцэн, олныг хамарсан эсэргүүцэл зохион байгуулж, эмх замбараагүй байдал дэгдэж байлаа.
Талууд гал зогсоох хэлэлцээрт хүрсэн ч Арменийн нийслэл Ереванд эсэргүүцлийн арга хэмжээ үргэлжилж, улмаар есдүгээр сарын 25-ны даваа гарагт арменичүүд дахин эсэргүүцэлд нэгдэн, хотын гудамжуудыг хаажээ. Хотын тээврийн хөдөлгөөнийг эсэргүүцэгчид хааж эхэлсэн тул цагдаагийнхан эсэргүүцлийн жагсаалд оролцогчдыг баривчилж эхэлсэн байна. Даваа гарагийн 10:00 цагийн байдлаар (Улаанбаатарын цагаар 14:00 цаг) нийтдээ 142 хүнийг саатуулжээ.
РБК агентлагийн мэдээлснээр, эсэргүүцлийн жагсаалд оролцогчдын цуваа Ереван хотын хэд хэдэн гудамжаар явж байгаа гэнэ. Тэднийг саатуулах гэсэн цагдаагийнхныг эсэргүүцэж, улмаар жагсагчид болон цагдаагийнхны хооронд мөргөлдөөн гарсан байна.
Эргэн сануулахад, есдүгээр сарын 19-ний өдөр Азербайжан "алан хядах ажиллагааны эсрэг тугсай ажиллагаа" зарласны дараа Арменийн Ерөнхий сайд Никол Пашинян "шинэ дайнд татагдан орохгүй" хэмээн мэдэгдэж, Арменийн армийг Карабах руу илгээхээс татгалзсан. Үүнийг арменичууд эсэргүүцэн есдүгээр сарын 19-ны өдрөөс эхлэн эсэргүүцэл, эмх замбараагүй байдал дэгдээж, Засгийн газрыг огцрохыг шаардаж байгаа юм. Эрх баригчид жагсаал, цуглааныг хууль бус гэж мэдэгдэн, эсэргүүцэлд оролцогчдод эрүүгийн хэрэг нээж байгаа ч жагсаал цуглаан үргэлжилсээр байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |