Энэ оны тавдугаар сарын эхээр Америкийн Зохиолчдын эвлэлийн /WGA/ кино, телевизийн нэвтрүүлгийн зохиолчид сүүлийн 15 жилийн хугацаан дахь анхны ажил хаялтаа эхлүүлснээ зарлаж байлаа. Холливудын студиуд, стриминг үйлчилгээний компаниудтай зургаан долоо хоногийн турш хийсэн хэлэлцээ зөвшилцөлд хүрч чадаагүй тул ажил хаялт зарлахаар болсноо Америкийн Зохиолчдын эвлэл мэдэгдэж байв. Харин энэ ажил хаялтыг дуусгахыг Америкийн Зохиолчдын эвлэл зөвшөөрсөн гэсэн мэдээлэл гарчээ.
Тодруулбал, Америкийн Зохиолчдын эвлэл болон Кино, телевизийн продюсерүүдийн эвслийн төлөөлөгчид таван сар орчим үргэлжилсэн энэ ажил хаялтыг дуусгах урьдчилсан тохиролцоонд хүрсэн бөгөөд ажил хаясан уран бүтээлчидтэй хийх хэлэлцээ үргэлжилж байгаа гэж Асссошейтед Пресс агентлаг мэдээлсэн байна.
"Америкийн Зохиолчдын эвлэл урьдчилсан тохиролцоонд хүрч чадлаа. Манай эвлэлийн гишүүд эв нэгдэлтэй байж, 146 өдрийн туршид бидэнтэй хамт эсэргүүцэлд нэгдэж байсан үйлдвэрчний эвлэлийнхний дэмжлэгийн ачаар ийм үр дүнд хүрлээ" хэмээн Зохиолчдын эвлэл гишүүддээ илгээсэн захидалд өгүүлсэн байна. Цаашлаад, албан ёсоор ажил хаялтыг зогсоохоос өмнө талууд гурван жилийн хугацаатай хэлэлцээ хийх юм байна.
Холливудын зохиолчид тавдугаар сараас ажил хаялт зарлаж, харин долдугаар сард жүжигчид тэдэнтэй нэгдсэн юм. Үйлдвэрчний эвлэлийнхэн цалин нэмэхийг шаардахын дээр жүжигчид болон зохиолчдыг хиймэл оюун ухаанаар солихгүй гэх баталгааг шаардаж байгаа аж. Энэ ажил хаялтын улмаас Эмми шагнал гардуулах ёслол болон олон киноны нээлтийг хойшлуулсан юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |