Кофенд агуулагддаг тригонеллин гэх бодис тархины ажиллагаа хөгшрөлтийн улмаас алдагдахаас сэргийлэхийн дээр ой санамжийг сайжруулдгийг Цукубагийн их сургуулийн эрдэмтэд тогтоожээ.
Kyodo агентлагийн мэдээлснээр, Японы Цукубагийн их сургуулийн эрдэмтэд бусад үе чацуутнуудаасаа хурдан хөгширсөн, генийн өөрчлөлттэй хулгануудыг ашиглан туршилт хийжээ. Эрдэмтэд туршилтын 30 хоногийн хугацаанд кофенд агуулагддаг тригонеллинийг хулгануудад өгч байсан аж. Улмаар туршилтын дүнд, хулгануудын тархины үйл ажиллагаа сайжирсан нь тогтоогджээ.
Тухайлбал, тригонеллин тогтмол хэрэглэсний дараа хулганууд мэдээллийг өмнөхөөс хурдан хүлээн авах болсон байна. Тэд тусгай саван дахь хуурай газрыг хурдан олохын дээр мэдрэлийн системийн хөгжилтэй холбоотой дохиоллын замууд нь сайжирсан байна. Үүний зэрэгцээ тригонеллин нь мэдрэлийн үрэвслийг дарангуйлж, дофамин, норадреналин, серотонины дамжуулах хурдыг нэмэгдүүлж байжээ.
Тиймдээ ч кофенд агуулагдах тригонеллинийг хөгшрөлтөөс үүдсэн ой санамж алдагдахаас сэргийлэхэд ашиглаж болно гэж эрдэмтэд үзсэн байна. Өмнө нь Америкийн эрдэмтэд ч кофег тархины үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлдгийг судлаж байв. Тэдний тогтоосноор, кофе уух, дуртай дуугаа сонсох зэрэг нь тархины үйл ажиллагаа, тэр дундаа ой санамжийг сайжруулдаг аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |