Орос, Беларусийн дугаартай машиныг хураах тухай хуулийн төслийг Латвид боловсруулж байна
2023-09-25

ОХУ Украинд өдүүлсэн дайны улмаас барууны орнууд Оросын эсрэг төрөл бүрийн хориг арга хэмжээ авч хэрэгжүүлж, цаашлаад Оростой хиллэдэг Европын орнууд Оросын дугаартай автомашиныг хилээрээ нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргасан. Улмаар зөвхөн хилээр нэвтрүүлэхгүй байх төдийгүй нутаг дэвсгэр дээр нь байгаа Оросын машинуудыг хураах журам гаргахаар ч бэлдэж байна. 

 

Тодруулбал, Латвийн нутаг дэвсгэр дээр байгаа Орос, Беларусийн дугаартай автомашинуудыг хураах тухай хуулийн төслийг Латвим улсын Хуульзүйн яам боловсруулж байгаа гэнэ. Энэ талаар Хуульзүйн сайд Инесе Либиня-Эгнере мэдэгдсэнийг ВВС дамжуулжээ. Түүний өгүүлснээр, Орос, Беларусийн дугаартай машинууд дахин бүртгэлд хамрагдаагүй эсвэл гурван сарын туршид Латвийн нутаг дэвсгэрийг орхин гараагүй бол машинуудыг хураах гэнэ.

 

Өмнө нь Норвеги, Польш, Финланд, Эстони, Литва зэрэг улсуудын жишгээр хилээрээ Оросын дугаартай машин нэвтрүүлэхгүй гэж мэдэгдэж байсан Латвийн эрх баригчид Европын холбооны нутаг дэвсгэрт байгаа энэ төрлийн машинуудыг хураахгүй гэж байсан ч ийнхүү бодлоо өөрчилсөн байна. Мөн Литва улс ч Оросын дугаартай машинуудыг хураах эсвэл дахин бүртгэлжүүлэх шаардлагатай гэсэн байр суурьтай байгаа аж. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин