Дэлхийн хамгийн том цэцэг гэгддэг Rafflesia хэмээх ургамлын хосгүй төрөл мөхлийн ирмэг дээр иржээ. Ийм дүгнэлтийг Индонези, Филиппин, Малайз, Их Британийн биологчид гаргасан байна.
Раффлезийн ихэнх төрлүүд мөхлийн ирмэг дээр ирсэн ч ердөө нэг төрөл нь Улаан номонд багтсан байдаг аж. Тиймээс дөрвөн орны эрдэмтэд энэ хосгүй цэцгийг аварч үлдэхийн тулд тусгай хөтөлбөр боловсруулсан бөгөөд энэ хөтөлбөрийг боловсруулахын тулд хамгийн том цэцэг ургадаг Зүүн Өмнөд Азийн орнуудын эрх баригчид, орон нутгийн оршин суугчид, аялал жуулчлалын холбоодын хүчин чармайлт шаардлагатайг онцолсон байна.
Ургамлын аймгийн хамгийн том нууцуудын нэг гэгддэг Раффлези Бруней, Индонези, Малайз, Филиппин, Таиландын ширэнгэн ойд ургадаг аж. Амьдралынхаа ихэнх мөчлөгийг үл анзаарагдам өнгөрүүлдэг энэ цэцэг хэзээ дэлгэрдэг нь тодорхойгүй байдаг гэнэ.
Цэцэглэж эхлэхэд ямар шинж тэмдэг илэрдгийг эрдэмтэд одоо хүртэл тогтоож чадаагүй, ийнхүү таамаглахын аргагүй байдаг тул одоо хүртэл бага судлагдсан ургамлын тоонд багтдаг юм байна.
Филиппиний их сургуулиар удирдуулсан эрдэмтдийн багийн судалгаа Plants, People, Planet гэсэн эрдэм шинжилгээний сэтгүүлүүдэд нийтлэгдсэн бөгөөд энэ судалгаанд өгүүлснээр раффлезийн бүхий л 42 төрөл мөхлийн ирмэг дээр байгаа аж. Тодруулбал, 25 төрөл нь "нэн аюултай", 15 нь "устаж үгүй болох аюултай" ангилалд орсон бол хоёр нь "эмзэг" ангилалд бүртгэгджээ. Мөн энэ ургамал ургадаг газруудыг хөдөө аж ахуйн зориулалтаар ашиглаж, суурин газруудыг тэлэх зорилгоор ой модыг тайрч байгаа нь хосгүй цэцэгт аюул заналхийлж байгааг эрдэмтэд онцолсон байна.
Тиймээс эрсдэлд орсон газар нутгийг хамгаалах, раффлези хичнээн төрөл болохыг нарийвчлан тогтоохын тулд судалгааны экспедици гаргах, хиймэл орчинд раффлезийг үржүүлэх арга боловсруулах, орон нутгийн оршин суугчидтай хамтран эко аялал жуулчлал зохион байгуулах саналыг эрдэмтэд гаргажээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |