Монгол иргэд БНСУ-ын визтэй хил нэвтэрч чадалгүй буцаж байгаа асуудал ойрын өдрүүдэд нийгмийн сүлжээнд анхаарал татсан асуудлын нэг болсон.
Уг асуудлаар Гадаад харилцааны яам болон Монгол Улсаас БНСУ-д суугаа элчин сайд яамныхан шийдвэртэй алхам хийхгүй байгаа нь шүүмжлэл дагуулж байна. Уг нь Элчин сайдын яамны нэн тэргүүний үүрэг бол байгаа орондоо өөрийн улсын иргэдийн эрх ашгийг нэгдүгээрт тавьж ажиллах үүрэгтэй. Учир нь Монгол Улс Элчин сайдын яамдууд руу сар бүр багагүй хэмжээний санхүүжилт өгдөг.
Зөвхөн энэ жил буюу төсвийн жил эхэлснээс хойших найман сарын хугацаанд Монгол Улсаас БНСУ-д суугаа элчин сайдын яам 1.8 тэрбум төгрөгийн санхүүжилт авчээ. Үүнээс Шилэн дансандаа 310 гаруй сая төгрөгийн зарцуулалтыг мэдээлсэн байна. Харин үлдсэн мөнгийг хэрхэн яаж зарцуулагдсан талаараа Элчин сайдын яамны Шилэн дансанд мэдээлээгүй байна.
Мөн Гадаад харилцааны яамнаас БНСУ-ын Пусан дахь Консулын газарт энэ оны эхний найман сард нийт 776 сая төгрөгийн санхүүжилт олгожээ. Ингэснээр Монгол Улсын татвар төлөгчдийн хөрөнгөөс 2.5 тэрбум төгрөгийг БНСУ-д ажиллаж амьдарч байгаа иргэдийн эрх ашгийг хамгаалах, Монгол орноо сурталчлан таниулах зориулалтаар дээр хоёр газар руу шилжүүлсэн байна.