Өдгөө ердөө 15 настай Малиша Харва Vogue, Cosmopolitan зэрэг дэлхийд алдартай загварын сэтгүүлүүдийн нүүрэн дээр гарч, тансаг зэрэглэлийн брэндийн нүүр царай болж, Инстаграмдаа 300 мянган дагагчтай болжээ.
Малиша Кхарва Энэтхэгийн Мумбайд байх ядуусын хороолдолд өсөж торнижээ. Нэгэнтээ Америкийн жүжигчинтэй санаандгүй байдлаар уулзсан нь түүнийг амьдралаа эрс өөрчлөх боломжийг өгсөн аж.
Ердөө гурван жилийн өмнө Мумбайн ядуусын хороололд амьдардаг байсан Малиша одоо Энэтхэгийн хамгийн алдартай хүмүүсийн нэг болжээ. Америкийн жүжигчин Роберт Хоффмантай уулзсаны ачаар л түүний амьдрал эрс өөрчлөгдөж, багын мөрөөдлөө биелүүлсэн гэнэ.
"Миний амьдрал өөрчлөгдсөн. Өмнө нь зурагт хуудсан дээр, сонин дээр ч миний зураг гардаггүй, намайг зурагтаар харуулдаггүй байлаа. Харин одоо дэлхий даяар миний зураг тархаж байна. Хүмүүс намайг таньж, хамт селфидэхийг гуйдаг. Ийм үед өөрөөрөө бахархах мэдрэмж төрдөг. Би үргэлж л загвар өмсөгч болохыг хүсдэг байлаа. Таван настайгаасаа л ийм мөрөөдөлтэй болсон Мөрөөдөл минь биелсэнд маш аз жаргалтай байгаа. Хэзээ нэгэн цагт супермодель болохыг мөрөөддөг" хэмээн Малиша The National сэтгүүлд ярьжээ.
Одоогоос гурван жилийн өмнө жүжигчин Роберт Хоффман Мумбайд клипний зураг авалтын үеэр майхан дотор сууж буй гайхалтай төрхтэй охиныг анзаарч харсан гэнэ. Хоффман охинтой ярилцаж, энэ дүрс бичлэгээ олон нийтийн сүлжээн дэх хуудсандаа байршуулсан нь хормын төдийд тархсан байна. Ингээд Малишад олон газраас санал ирэх болжээ. Охин өндөр үнэлгээтэй ажлын гэрээ ч хийх болжээ. Эхний ажлынхаа хөлсөөр Малиша ядуусын хороололд амьдарч байсан гэр бүлдээ нэг өрөө байр худалдан авч өгсөн аж.
"Өмнө нь манайд гэрэл цахилгаан байдаггүй, ус авахын тулд маш хол явдаг байсан. Одоо харин бүх юм байна. Бидний хоноглодог оромжийг хотын захиргаанаас байс хийгээд л буулгачихдаг байсан. Харин одоо бид жинхнээсээ л гэр оронтой болж байна. Аав минь надаар бахархдаг" хэмээн Малиша ярьжээ.
Энэ онд Малиша Кхарва тансаг зэрэглэлийн брэндийн "The Yuvati Collection" хэмээх шинэ компанийн нүүр царай болжээ.
Г.Бямбасүрэн