Энэ оны зургадугаар сард Өмнөд Солонгосын Жэжү хотод соёлын арга хэмжээнд оролцох Монголын төлөөлөгчдийн дунд багтсан Сэлэнгэ аймгийн Мандал сумын засаг даргын орлогч Л.Мөнхбат бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгт сэжиглэгдэн баривчлагдсан. Тэрбээр Монголын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтаж байсан, 20 настай эмэгтэй Б-г Жэжү хотын зочид буудалд, шөнийн 01:00 цаг орчимд хүчирхийлсэн хэрэгт сэжиглэгдэж байгаа гэж Жэжү хотын Цагдаагийн газар мэдээлж байв.
Л.Мөнхбаттай холбогдох хэргийн шүүх хурал есдүгээр сарын 21-ний өдөр болсон талаар Өмнөд Солонгосын хэвлэлүүд мэдээлжээ. Чэжү хотын Прокурорын газар Л.Мөнхбатад таван жилийн хорих ял төлөвлөсөн бөгөөд шүүх хурлаар ялын хугацааг хэвээр үлдээж, Л.Мөнхбатад таван жилийн хорих ял оноосон байна. Тэрбээр шүүх хуралд үг хэлэхдээ "Хохирогчийг өрөвдөж байна. Цаашид хэзээ ч гэмт хэрэг үйлдэхгүй" хэмээгээд ялын хугацааг бууруулахыг хүсчээ.
Яллах дүгнэлтэд өгүүлснээр, зургадугаар сарын дөрөвний өглөө Чежү хотын зочид буудалд Л.Мөнхбат архидан согтуурсан үедээ 20 настай Монгол эмэгтэйг хүчирхийлсэн хэрэгт буруутгагдан баривчлагджээ. Энэ үед хохирогч эмэгтэй буудлын өрөөнөөс гарч, зочид буудлын ажилтнаас тусламж хүсэн, улмаар буудлын ажилтнууд цагдаагийн хэлтэст хандсан байна. Цагдаагийн мөрдөн байцаалтын үеэр Л.Мөнхбат өөрийнх нь эсрэг баримтуудыг няцааж байсан ч шүүх хурлын үеэр гэм буруугаа хүлээжээ.
Г.Бямбасүрэн