Карабахд Оросын цэргүүд амиа алдсаны төлөө Азербайжан уучлалт гуйв
2023-09-22

Одоогоос гурван жилийн өмнө Уулын Карабахт дахин дэгдэж, талууд хэлэлцээ хийж, гал зогсоосны дараа энэ бүс нутагт энхийг сахиулах үүргийг ОХУ хүлээсэн. Тэр үеэс хойш Оросын энхийг сахиулагчид Уулын Карабахд хяналт тавьж байгаа юм. 

 

Харин энэ оны есдүгээр сарын 19-ний өдөр Азербайжан "алан хядах ажиллагааны эсрэг тусгай ажиллагаа" зарлан, Уулын Карабахд цохилт өгч эхэлснээр, нөхцөл байдал дахин хүндэрсэн. Улмаар байлдааны бүсээс энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулж байсан Оросын энхийг сахиулагчид суманд өртөж, амиа алдсан талаарх мэдээлэл гарч байв. 

 

Уулын Карабахт Оросын энхийг сахиулагчид амиа алдсан талаарх мэдээллийг гал зогсоосны дараа л Оросын Батлан хамгаалах яам баталж байлаа. Гэхдээ энэ үеэр чухам хэдэн цэргийн алба хаагч амиа алдсан талаар мэдээлээгүй юм. 

 

"Есдүгээр сарын 20-ны өдөр Жанятаг суурин газрын бүсэд Оросоын энхийг сахиулах хүчний ажиглалтын постоос машинтайгаа буцаж явсан Оросын цэргийн алба хаагчид суманд өртсөн" хэмээн ОХУ-ын Батлан хамгаалах яам мэдээлж байлаа. 

 

Үүний дараа, пүрэв гарагийн үдэш Азербайжаны Ерөнхий прокурорын газар Оросын зургаан энхийг сахиулагч амиа алдсаныг албан ёсоор зарласан юм. Таван цэргийг Азербайжаны цэргүүд "Армений хууль бус зэвсэгт бүлэглэл"-ийнх гэж үзэн буудсан бол өөр нэг энхийг сахиулаг Карабахын цэргүүдийн суманд оногдож, амиа алджээ. 

 

Энэ нь Азербайжан, Армени, Оросын төрийн тэргүүнүүд гарын үсэг зурсан мэдэгдэл дээр үндэслэн 2020 оны 11 дүгээр сараас эхлэн Уулын Карабахд байрлах болсон Оросын энхийг сахиулах хүчний анхны байлдааны хохирол юм. Есдүгээр сарын 21-ний өдөр Азербайжаны Батлан хамгаалах яам энэ хэрэгтэй холбоотойгоор эмгэнэл илэрхийлж, Оросын талыг "тэвчээртэй хандах"-ыг уриалж байлаа. 

 

Үүний араас, Азербайжаны Ерөнхийлөгч Ильхам Алиев Уулын Карабахд цэргүүд амиа алдсан хэрэгтэй холбоотойгоор ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярьж, уучлалт гуйн, эмгэнэл илэрхийлсэн байна. Түүнчлэн, амиа алдсан энхийг сахиулагчдын ар гэрт материаллаг тусламж дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлжээ. 

 

Түүнчлэн Азербайжаны тал Оросын цэргүүдийг хөнөөсөнтэй холбоотойгоор шалгалтын ажлыг эхлүүлж,  улмаар шалгалтын эхний үр дүн гарч эхэлсэн талаар Азербайжаны хэвлэлүүд мэдээлсэн байна.

 

Тодруулбал, Оросын энхийг сахиулагчдыг буудсан байж болзошгүй корпусын командлагчийг албан тушаалаас нь халж, цэргүүдийг буудсан хэрэгт сэжиглэгдэж буй цэргийн алба хаагчдыг баривчилсан гэж хэвлэлүүд мэдээлжээ. Гэхдээ энэ мэдээллийг албан ёсоор аль ч тал батлаагүй байна. 

 

Оросын тал Азербайжаны галд өртөн амиа алдсан цэргүүдийн тоо болон нэр усыг зарлаагүй юм. Харин Арменийн хэвлэлүүдийн мэдээлснээр, амиа алдсан энхийг сахиулагчдын дунд Хойд флотын цэрэг, улс төрийн ажил хариуцсан орлогч командлагч, нэгдүгээр рангийн ахмад Иван Ковган байсан гэж мэдээлжээ. Санкт-Петербургийн далайчдын клубын мэдээлснээр, 52 настай Ковган хоёр сарын өмнө энхийг сахиулах хүчний орлогч командлагчаар томилогдсон, Азербайжаны цэргүүд буудсан машин дотор явж байсан гэнэ. 

 

Энд дуулгахад, есдүгээр сарын 19-ний өдөр Азербайжан "алан хядах ажиллагааны эсрэг тусгай ажиллагаа" зарлан Уулын Карабахд цохилт өгч эхэлснээр энэ бүс нутаг дахин халуун цэг болон хувирсан юм. Гуч гаруй жилийн өмнө Азербайжанаас салан тусгаарлаж, Арменийн дэмжлэгийг авах болсон олон улсад хүлээн зөвшөөрөгдөөгүй Уулын Карабахын Бүгд Найрамдах Улсад одоогоос гурван жилийн өмнө дайн дэгдэж, талуудын хооронд үүсэж байсан хамгийн цус урсгасан үйл явдал болж байлаа. Харин энэ удаагийн хурцадмал байдал хоёр дахь өдрөө намжсан юм.  

 

Олон улсын хэвлэлүүдийн мэдээлснээр, тулааны хоёр дахь өдөр буюу есдүгээр сарын 20-ны 13:00 цагаас эхлэн (shuud.mn: Улаанбаатарын цагаар 17:00) цагаас эхлэн гал зогсоох, Бакутай хэлэлцээр хийхийн тулд зэвсгээ хаях шийдвэрийг Уулын Карабахын Бүгд Найрамдах Улсын эрх баригчид гаргасан.. Үүний дараа, Оросын энхийг сахиулагчдаар дамжуулан гал зогсоох тохиролцоонд хүрсэн гэж Азербайжаны Батлан хамгаалахын яам мэдэгдсэн юм. 

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Хамгийн сайн орос бол үхсэн орос.
2023-09-22
Оновчтой бууджээ..командлагчыг нь хусчихаж.. болж болж..
2023-09-22