Хятадад нэгэн гэр бүлийн хос 12 жилийн өмнө сураггүй болсон хүүгээ тун санаандгүй байдлаар олжээ. Энэ талаар The Thaiger сонин мэдээлсэн байна.
Сонинд бичсэнээр, эхнэр нөхөр хоёр Гуандун мужийн Фошань хотын гудмаар машинтайгаа явж байжээ. Энэ үед эхнэр нь хүүхдээ дагуулан яваа гэр бүлийг машиныхаа цонхоор харж, хүү нь байсан бол 15 хүрэх байсан хэмээн уйлсан аж. Эхнэр нь сэтгэл хямрах үед түр сатаарсан нөхөр гэнэт гудамжинд гуйлга гуйж явсан өсвөр насны хүүхдийг анзааралгүй мөргөсөн гэнэ.
Гэтэл тэдний мөргөсөн хүүхэд олон жилийн өмнө сураггүй болсон хүүтэй ихэд адилхан байжээ. Эхнэр нөхөр хоёр сандран машинаас бууж, машинд мөргүүлсэн хүү хөл нь бага зэрэг шалбарснаас өөр гэмтэлгүй хүүг эмнэлэгт хүргэсэн байна. Улмаар сураггүй болсон хүүтэй нь тун адилхан байсан тул өөрсдийн таамаглалыг шалгахаар ДНХ шинжилгээ өгчээ. Шинжилгээний дүнгээр гудамжинд гуйлга хийж явсан хүү тэдний төрсөн хүүхэд мөн болох нь тогтоогдож, ихэд баярласан эхнэр нөхөр хоёр тэр өдрөө хүүгээ гэртээ авч харьжээ.
Хүү 12 жилийн өмнө гурван настайдаа сураггүй болсон аж. Энэ хугацаанд хүү өргөж авсан айлдаа амьдарч, дараа нь өөр нэг эртэй амьдрах болсон бөгөөд түүнийг төрсөн эцгээ гэж боддог байсан гэнэ. Энэ эр хүүг дарамталж, зодож, ажил хийхийг шаарддаг байсан аж. Улмаар хүү гэрээсээ зугтаж, гудамжинд гарчээ.
Г.Бямбасүрэн