Хятадын Гадаад хэргийн сайдын алба хашиж байсан Цинь Ган гэр бүлээс гадуурх харилцааны улмаас албан тушаалаасаа халагдсан гэнэ. Ийм мэдээллийг Хятадын Коммунист намын дотоод шалгалтын явцтай холбоотой эх сурвалжуудаас авсан мэдээлэлтэйгээр The Wall Street Journal сонин дамжуулжээ.
Эх сурвалжуудын өгүүлснээр, Гадаад хэргийн сайд асан Цинь Ган АНУ-д Хятадын Элчин сайдын үүрэг гүйцэтгэж байх үедээ гэр бүлээс гадуурх харилцаа тогтоосон гэнэ. Улмаар түүнтэй амраглаж бүсгүй хүү төрүүлсэн гэдэг нь Цинь Гантай холбоотой хэргийг шалгах явцад тогтоогдсон байна. Цинь Ганы энэхүү гэр бүлээс гадуурх харилцаа үндэсний аюулгүй байдалд аюул заналхийлсэн эсэхийг холбогдох комисс шалгаж байгаа гэж WSJ мэдээлжээ.
Цинь Ган 2021 оны долдугаар сараас АНУ дахь Хятадын Элчин сайдаар ажиллаж байгаад 2022 оны 12 дугаар сард Хятадын Гадаад хэргийн сайдаар томилогдож байв. Тэрбээр хэсэг хугацаанд олны өмнө гараагүй нь дэлхий нийтийн анхаарлыг татаж байсан бол энэ оны долдугаар сарын 25-ны өдөр түүнийг албан тушаалаас нь огцруулж, өмнө нь Гадаад хэргийн сайд байсан Ван И-г дахин томилсон талаарх мэдээлэл гарсан юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |