Энэ сарын 19-ний өдөр БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ордост "Тамгагүй төр" жүжиг тайзнаа тавигдах байсан ч тодорхойгүй шалтгааны улмаас жүжиг цуцлагдсан гэх мэдээлэл гарч байсан.
Radio Free Asia радиостанцын Хятад дахь сурвалжлагчийн мэдээлснээр, есдүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн гурван өдөр тоглогдох байсан "Тамгагүй төр" жүжгийг эрх баригчид хоригложээ. Өвөр Монголын өнцөг булан бүрээс үзэгчид энэ жүжгийг үзэхээр тасалбар худалдан авсан ч холбогдох байгууллага жүжгийг гэнэт цуцалснаар хүмүүс яахаа мэдэхээ больсон гэж Ордос хотын сургуулийн багш Юньци Мугэ радиостанцын сурвалжлагчид ярьсан байна.
Япон дахь Сизуокийн их сургуулийн соёлын антропологийн профессор Ян Хайины үзэж байгаагаар "Тамгагүй төр" жүжгийг Өвөр Монголын эрх баригчид хориглосон нь хэд хэдэн шалтгаантай гэнэ. Нэгдүгээрт, Өвөр Монголд үндсэрхэг үзэл давамгайлдаг, хоёрдугаарт энэ нутаг нь жүжигт өгүүлэгдэх хүннүчүүд эзлэж байсан хот байдаг нь улс төрийн өнгө аястай, тиймдээ ч үндсэрхэг үзэл Өвөр Монгол дахь хяналтад нь нөлөөлнө гэж БНХАУ-ын эрх баригчид эмээж байгаа хэмээн Ян Хайин өгүүлжээ.
Энд дуулгахад, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн зохиол “Тамгагүй төр” жүжгийг 2022 онд “Hero” энтертайнментын ерөнхий найруулагч Б.Баатар физикл драм хэлбэрээр шинэчлэн найруулан тавьж, өнгөрсөн онд УДЭТ-ын тайзнаа 117 удаа жүжгийг тоглосон. Цаашлаад энэ оны 11 дүгээр сард "Тамгагүй төр" жүжгийг Английн театрт олны хүртээл болгохоор зэхэж байгаа юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |