Италид жуулчилж явсан Швейцар эмэгтэйн үйлдэл олныг гайхшруулжээ. Тэрбээр үнэтэй зоогийн газарт хавч захиалж аваад, дараа нь тэнгис тавьсан гэж The Daily Mail мэдээлсэн байна.
Тодруулбал, Сардинийн Ольбид байрлалтай тансаг зоогийн газарт үйлчлүүлэхээр Швейцарын жуулчин эмэгтэй нөхрийн хамт иржээ. Тэд оройн хоолонд хэд хэдэн хоол захиалсны дотор лингвинитэй каталон маягийн лобстер байсан гэнэ.
Зөөгч хавчийг жигнэж, хоолны өртгийг тооцоолохоор амьд хавч авчирахад үйлчлүүлэгч бүсгүй амьд хавчийг өрөвдсөн аж. Бүсгүй хавчийг өндрөөс ус руу шидвэл хавч өвдөлт мэдрэх эсэхийг зоогийн газрынхнаас асуухад "огт өвдөхгүй" гэж хариулжээ. Ийм хариулт сонссон жуулчин бүсгүй хавчийг тавагнаас авч, тэнгис рүү шидэж, хавч цааш сэлж одсон аж. Энэ бүхнийг жуулчин бүсгүйн нөхөр гар утасныхаа камераар бичиж авчээ.
"Үйлчлүүлэгч эмэгтэйг тоглож байна л гэж бодсон. Гэвч амьтны амь аварсандаа баярлаж байгааг хараад бид ч мөн баярласан" хэмээн зоогийн газрын эзэн Антонио Фасолино The Daily Mail сонинд ярьжээ.
Бүсгүй тэнгист тавьсан хавч нь 200 евро буюу монгол мөнгөөр 700 гаруй мянган төгрөгийн үнэтэй байсан бөгөөд бүсгүй хавчийг тавьж явуулсан ч хоолныхоо мөнгийг бүрэн төлжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |