Хятадын фитнес дасгалжуулагч хэт хүнд штанг өргөх гэж байгаад амиа алджээ
2023-09-20

Хятадад фитнес дасгалжуулагчаар ажиллаж байсан эр 120 килограммын штангаас болж амиа алджээ. Энэ талаар SCMP сонин мэдээлсэн байна. 

 

Энэ золгүй явдал 2023 оны долдугаар сард Хэнань мужид болжээ. Хоу хэмээх 27 настай эр бэлтгэлийн танхимд 120 килограммын жинтэй штанг шахахыг оролдсон ч штангийг дийлэлгүй, штанг хүзүүн дээр нь унасан байна. Ингээд хүнд штангад даруулсны улмаас Хоу хэдхэн минутын дараа амьсгал хураажээ. 

 

Хоугийн гэр бүлийнхэн бэлтгэлийн танхимын эздийн эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргаж, улмаар энэ гэр бүлд нөхөн төлбөр болгон 800 мянган юань (shuud.mn: монгол мөнгөөр 414,4 сая төгрөг) төлөх шийдвэрийг шүүх гаргажээ. Бэлтгэлийн танхимын эзний өгүүлснээр, Хоу өмнө нь энэ танхимд фитнес дасгалжуулагчаар ажилладаг байсан гэнэ. Ажлаас гарсныхаа дараа ч танхимын түлхүүр байдаг байсан тул энд ирэн бэлтгэл хийдэг байсан гэнэ. Их хэмжээний төлбөрт унасан бэлтгэлийн танхимын эзэн одоо давж заалдах өргөдөл өгсөн байгаа аж. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин