Болгарын фермерүүдийн эсэргүүцэлд уурхайчид, эрчим хүчний салбарынхан нэгджээ
2023-09-20

Болгарын эрх баригчид Украинаас газар тариалангийн бүтээгдэхүүн импортлох хоригийн хугацааг сунгалгүй, энэ улсаас төрөл бүрийн үр тариа авахаар болсныг Болгарын фермерүүд эсэргүүцэж, эсэргүүцлийн жагсаал эхлүүлсэн юм. Тэд дотоодын бүтээгдэхүүний борлуулалтад саад болж буй эрх баригчдын шийдвэрийг эсэргүүцэж, улсаас нөхөн төлбөр олгохыг шаардан, зам хааж байлаа. 

 

Фермерүүдийн эсэргүүцэл мягмар гарагт цар хүрээгээ тэлж, бусад салбарынхан ч нэгдсэн байна. МИР24 сувгийн мэдээлснээр, Болгарын нийслэл Софи хотод фермерүүд төдийгүй эрчим хүчний салбарынхан, уурхайчид эсэргүүцлийн жагсаал зохион байгуулжээ. Софи хотноо болсон жагсаалд 10 мянга орчим хүн оролцсон гэж Болгарын үйлдвэрчний эвлэлүүд мэдээлсэн байна.

 

Тэд дулааны цахилгаан станц, нүүрсний уурхай үүд хаалгаа барих нөхцөлийг бүрдүүлэх Болгарын эрх баригчдын шийдвэр зэрэг нийгэм эдийн засгийн бодлогыг эсэргүүцэн тэмжэж байгаа аж. Болгарын эрх баригчид 2026 он гэхэд нүүрсхүчлийн хийн хаягдлыг 40 хувиар бууруулахаар төлөвлөж байгаа бөгөөд ингэснээр нүүрсээр ажилладаг дулааны цахилгаан станцууд олноор хаагдах юм. Станцууд хаагдсанаар салбарын 20 мянган ажилтан ажилгүй болж, дулааны станцтай холбоотой ажилладаг бусад салбарын 80 мянган хүн ажилгүй болно гэсэн тооцооллыг үйлдвэрчний эвлэл гаргасан байна.

 

Болгарын хэвлэлүүдийн мэдээлснээр, есдүгээр сарын 19-ний өдөр уурхайчид, эрчим хүчний салбарынхан жагссан бол тэдний араас, есдүгээр сарын 20-ны өдөр фермерүүд жагсаалыг цаашид үргэлжлүүлэх аж. Энэ удаад тэд хот руу 80 трактор оруулж, эсэргүүцэл илэрхийлэх юм байна. Фермерүүдийн тухайд, Украинаас үр тариа импортлохыг хориглохыг шаардаж байгаа юм. 

 

Г.Бямбасүрэн

 

Shuud.mn
Сонин хачин