ДЭМБ ковидын шинэ давлагаа эхэлснийг анхааруулж, вакцинд хамрагдахыг уриалжээ
2023-09-20

Дэлхий даяар коронавирусийн халдварын шинэ давлагаа эхлэснийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага анхааруулж, улс орнуудад хандан дархлаажуулалтын ажлыг идэвхижүүлэхийг уриалжээ. 

 

ВВС агентлагийн мэдээлснээр, коронавирусийн цар тахал дууссан талаар энэ оны тавдугаар сарын эхээр албан ёсоор зарлаж байсан ч есдүгээр сар гарснаас хойш АНУ-д коронавирусийн халдварын тохиолдол эрчимтэй өсөж, 2020 оны хавар тохиосон цар тахлын эхний давлагааны үеийн үзүүлэлтэд дөхөж очсон байна. 

 

Америкийн эрх баригчдын мэдээлснээр, наймдугаар сарын 27-ноос есдүгээр сарын хоёрныг хүртэлх долоо хоногийн хугацаанд эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай, коронавирусийн халдвар авсан өвчтөнүүдийн тоо есөн хувиар нэмэгдсэн байна. Түүнчлэн коронавирусийн халдвараас үүдэлтэй нас баралт таван хувиар нэмэгджээ. Судлаачдын үзэж байгаагаар, есдүгээр сарын найман гэхэд АНУ-д коронавирусийн халдвараар өвдсөн хүний тоо өдөр бүр 720 мянгаар нэмэгдэж байсан гэнэ. 

 

Зөвхөн АНУ-д төдийгүй дэлхийн бусад орнуудад ч коронавирусийн халдвар нэмэгдэх хандлагатай байгаа гэж ДЭМБ мэдэгдсэн байна. Тиймээс вакцины нэмэлт тунд хамрагдахыг уриалжээ. Тэр дундаа эрсдэлийн бүлэгт байдаг хүмүүс дархлаажуулалтад хамрагдах шаардлагатайг ДЭМБ онцолжээ. 

 

ДЭМБ-ын онцолсноор, насанд хүрэгчид төдийгүй сургуулийн өмнөх насныхан ч давтан тунд хамрагдах шаардлагатай гэнэ. Сүүлийн үеийн судалгаагаар, коронавирусээс сэргийлэх тарилгын хоёр эсвэл гурван тун тариулсан тав хүртэлх насны хүүхдүүд халдвар авсан нөхцөлд өвчин хүндрэх нь вакцинд хамрагдаагүй хүүхдүүдтэй харьцуулахад  гурав дахин бага байгаа нь тогтоогджээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин