Эрдоган Азербайжаны цэргийн ажиллагааг дэмжжээ
2023-09-20

Азербайжан есдүгээр сарын 19-ний өдөр Уулын Карабахд "алан хядах ажиллагааны эсрэг тусгай ажиллагаа" эхлүүлэх шийдвэр гаргаж, Уулын Карабахын нутагт цохилт өгч эхэлсэн. Олон улсын зүгээс Азербайжаныг энэ үйлдлээ зогсоохыг уриалж байгаа бол Туркийн Ерөнхийлөгч Азербайжаныг дэмжиж байгаагаа илэрхийлжээ. 

 

"Карабах бол Азербайжаны нутаг дэвсгэр. Энэ нутгийг өөр статустай болгох гэж оролдох нь зохисгүй хэрэг. Бид Азербайжаны авч хэрэгжүүлж алхмыг дэмжиж байна" хэмээн Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган мэдэгдээд энэ үйлдэл нь "Азербайжан нутаг дэвсгэрийнхээ бүрэн бүтэн байдлыг хамгаалахад чиглэгдсэн" гэж онцолжээ.

 

Түүний өгүүлснээр, Турк улс Карабахын асуудлаарх Азербайжан, Армений хооронд хэлэлцээр хийхийг үргэлж дэмжсээр ирсэн ч Армени энэ "түүхэн боломжийг ашиглаагүй" гэнэ. 

 

"Хоёр орны хооронд бүх талыг багтаасан энхийн хэлэлцээр байгуулагдаж, талуудын амлалт биелж, холбоо харилцааны коридор нээгдэнэ гэж бид найдаж байна" хэмээн Эрдоган мэдэгджээ.

 

Азербайжан "бүс нутгийн шинж чанартай алан хядах ажиллагааны эсрэг тусгай ажиллагаа" явуулах болсон талаараа мягмар гарагт мэдэгдэж, Уулын Карабахд цохилт өгч эхэлсэн юм. Энэ цохилтын улмаас 25 хүн амиа алдаж, 138 хүн шархаджээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин