Оросын иргэд машинтайгаа Европ руу зорчих боломжгүй болов
2023-09-20

ОХУ Украинд дайн өдүүлсэнтэй холбоотойгоор дэлхийн улс орнууд Оросын эсрэг төрөл бүрийн хориг арга хэмжээ авч хэрэгжүүлсээр байгаа. Улмаар зарим төрлийн хориг нь шууд иргэдэд нь чиглэгдсэн хориг болон хувирч байгаа юм. Тодруулбал, Европын холбооны хориг арга хэмжээний багцад ОХУ-аас зөөвөрлөхийг хориглосон бараа бүтээгдэхүүний жагсаалт багтсан бөгөөд энэ жагсаалтад тээврийн хэрэгсэл багтсан. Ингэснээр Европын хэд хэдэн орон руу ОХУ-ын иргэд хувийн машинтайгаа зорчих боломжгүй болсон юм. 

 

Өмнө нь, Балтын орнууд ийм шийдвэр гаргаж байсан бол энэ удаад Норвеги улс Орост бүртгэлтэй суудлын автомашинуудыг хилээрээ нэвтрүүлэхгүй байхаар шийджээ. Энэ талаар Норвегийн төрийн нарийн бичгийн дарга Эйвинд Вад Петерссон мэдэгдсэн байна. Ингэснээр ОХУ-тай хиллэдэг, энэ төрлийн хориг тавиагүй сүүлчийн орон оросуудыг машинтай нь нэвтрүүлэхгүй байхаар болж, оросууд ОХУ-тай залгаа аль ч Европын орон руу машинтайгаа зорчих боломжгүй болжээ. 

 

Норвеги улс Европын холбооны гишүүн биш хэдий ч Европын эдийн засгийн бүсэд багтдаг, Европын чөлөөт худалдааны холбооны үүсгэн байгуулагч гишүүн юм. Тиймдээ ч ЕХ-оос Оросын эсрэг тавьсан ихэнх хориг арга хэмжээг Норвеги мөрддөг аж.

 

Үүнээс өмнө, Финланд улс Оросын дугаартай машиныг хилээр нэвтрүүлэхгүй байх шийдвэрийг есдүгээр сарын 16-ны өдөр гаргасан. Мөн ийм шийдвэрийг Эстони, Латви, Литва гэсэн Балтын орнууд, Польш улс гаргасан юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Эзлэн түрэмгийлэгчдийг дэлхий дахинаараа эсэргүүцэж авсан хориг шүү!!!!Удахгүй Оросууд хойд Солонгосоос өөр явах газаргүй болно за....
2023-09-20
Зочин:
АНУ -г дагаж далдаганасан гарууд
2023-09-20