Есдүгээр сарын 19-ний үдэш Арменийн нийслэл Ереван хотод олныг хамарсан эсэргүүцэл дэгджээ. Эсэргүүцэл дэгдсэн шалтгаан нь Азербайжан Уулын Карабахд тусгай ажиллагаа эхлүүлсний дараа Армений эрх баригчид сөргөлдөөний бүс рүү цэрэг илгээгээгүйтэй холбоотой аж.
Москва таймс сонины мэдээлснээр, алан хядах ажиллагааны эсрэг тусгай ажиллагааг Азербайжан эхлүүлсний дараа Уулын Карабах руу арми илгээгүй байх шийдвэрийг Арменийн Ерөнхий сайд Никол Пашинян гаргасны дараа олны эсэргүүцэл дэгдсэн байна. "Хэдий хүнд байсан ч Арменийн төрт улсыг гадаад болон дотоод хүчний цохилтод оруулах боломжийг бид олгохгүй. Хэн ч манай улсыг шинэ дайнд татан оролцуулж чадахгүй" гэж Пашинян мэдэгджээ.
Харин иргэд үүнийг улсаасаа урвасан, хүнд байдалд энгийн хүмүүсийг хаясан гэж буруутган, улмаар эсэргүүцэлд нэгдсэн байна.
Эсэргүүцэгчид Ерөнхий сайдаа "урвасан" хэмээн буруутгаж, түүнийг огцрохыг шаарджээ. Түүнчлэн Оросын Элчин сайдын яамыг бүсэлж, улмаар Засгийн газрын байр руу нэвтрэхийг оролдон, цагдаагийнхантай мөргөлдсөн байна. Эсэргүүцэгчид цагдаагийнхан руу лонх, чулуу шидэж, үүний хариуд хууль сахиулагчид гэрэлт дуут гранат ашиглан, эсэргүүцэгчдийг баривчилж эхэлжээ. Мөргөлдөөний улмаас 34 хүн шархадсаны 16 нь цагдаагийн алба хаагч байгаа аж.
Үүний дараа Арменийн мөрдөн шалгах хороо олныг хамарсан эмх замбараагүй байдалд оролцсон, эмх замбараагүй байдалд өдөөн турхирсанд хэд хэдэн хүнийг буруутгаж, эрүүгийн хэрэг нээсэн байна. Тэдний гэмт буруутай нь тогтоогдсон тохиолдолд хоёр хүртэлх жилийн хорих ял оноох хуулийн заалттай аж. Эсэргүүцэгчдийг тараахыг оролдож, баривчилж эхэлсэн ч Ереваны төв талбай дээр иргэд майхан барьж эхэлсэн байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |