Ливийн Дерна хотод эсэргүүцэл дэгдэж, хотын даргын байрыг шатаажээ
2023-09-19

Энэ сарын дундуур болсон үерийн гамшгийн улмаас ноцтой хохирол амсан, барилга байшин, машин урсаж, олон мянган хүн амиа алдсан Дерна хотод гамшгийн хор уршгийг арилгах ажил үргэлжилж байна. 

 

Үүний зэрэгцээ, Дерна хотод олон мянган хүнийг хамарсан эсэргүүцэл дэгджээ. Хүмүүс гудамжинд гаран эсэргүүцэл илэрхийлж, хотын зөвлөлийг огцрохыг шаардан, сүйрсэн хотыг сэргээн босгох асуудлаар олон улсын бага хурал зарлан хуралдуулахыг уриалсан байна. Түүнчлэн эсэргүүцэгчид хотын даргын гэрийг шатаажээ. Улмаар эрх баригчид хотын зөвлөлийг бүрэн бүрэлдэхүүн нь огцруулж, эмгэнэлт явдлын шалтгааныг сайтар шалгана хэмээн амласан байна. 

 

Эргэн сануулахад, есдүгээр сарын 10-ны өдөр Ливийн хойд хэсгийг Дэниел шуурга дайрсан юм. Үүний дараа үер бууж, хоёр далан эвдэрснээр хохирлын хэмжээг хэд дахин нэмэгдүүлсэн байна. Үер шөнө болсон тул хүмүүс ихэвчлэн унтаж амарч байх үедээ гэнэтийн гамшигт өртөн олон мянгаараа амиа алджээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин