Украины зэвсэгт хүчний цэргүүд Бахмутын бүсэд хоёр гол тосгоныг чөлөөлсний дараа "дайсны бэхлэлтийг сэтэлсэн" гэж Украины хэвлэлүүд дамжуулжээ.
Украины Хуурай замын цэргийн командлагч, хурандаа генерал Александр Сырскийн өгүүлснээр, Бахмутын ойролцоох Оросын бэхлэлтийг Украины цэргүүд сэтэлсэн байна. Түүнчлэн Андреевка болон Клещеевка суурингуудын төлөөх тулаанд Оросын цэргийн гурван бригадыг бут цохисон гэж тэрбээр мэдэгджээ. Клещеевка болон Андреевка Бахмутаас өмнөд зүгт байрлах суурингууд бөгөөд эдгээр нь Бахмут хотод хүрэх "түлхүүр" гэж цэргийн шинжээчид үздэг юм.
Украины тал ийнхүү Бахмутын ойролцоох Оросын бэхлэлтийг сэтэлсэн хэмээн мэдэгдсэн бол ОХУ-ын Батлан хамгаалах яам мэдэгдэл хийхдээ агаарын хүчин болон артиллеритэй хамтран ажиллаж, цэргүүд "дайсны зургаан халдлагыг зогсоосон, тэр дундаа Клещеевка сууринд хариу цохилт өгсөн" хэмээн мэдэгджээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |