БНХАУ-ын Ханжоу хотод Азийн наадмын хотхоныг албан ёсоор нээжээ. Наадмын үеэр энд тамирчид, дагалдан яваа багийнхан, техникийн мэргэжилтэн, хэвлэл мэдээллийн салбарын төлөөлөгчид гээд 20 мянга агруй хүн амьдарна гэж Синхуа мэдээллээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, наадамд оролцогчид амьдрах хотхонд буудал, хоолны газар, тээврээс гадна соёлын болон технологийн үзэсгэлэнгүүдийг байршуулж, эмнэлэг, арилжааны объектуудыг ч нээсэн байна. Энэ хотхоныг тогтвортой хөгжил, Хятадын уламжлалт соёлыг шингээх замаар барьж байгуулжээ. Тодруулбал, эрчим хүч хэмнэх гэрэлтүүлэг бүзхий экологид ээлтэй материалаар барьсан хог хаягдалгүй орон сууц, хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр хотхонд байрлаж байгаа аж.
Мөн энэ хотхон 3D, VR тоног төхөөрөмж, ширээний теннисний робот, робот төгөлдөр хуур зэргийг байршуулжээ. Дэвшилтэт технологиудыг сонирхохын дээр Хятадын уламжлал, зан заншилтай танилцаж, гар урлал хийж сурах сургалтад хамрагдах боломжтой аж.
Азийн наадмын хотхонд хамгийн түрүүлж ирсэн баг нь Хятадын баг бөгөөд энэ баг 1329 хүний бүрэлдэхүүнтэй юм байна. Азийн наадам энэ сарын 23-нд нээлтээ хийж, 10 дугаар сарын наймныг дуустал Ханжоу болон өөр таван хотод зохион байгуулагдах юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |