Эрхүүгийн газрын тосны компанийг зэвсэглэсэн этгээдүүд эзлэн авчээ
2023-09-18

 

 

Эрхүү мужид нүүрээ халхалж, автоматаар зэвсэглэсэн 23 хүн нисдэг тэргээр бууж, "Дулисьма" газрын тосны компанийг эзлэн авчээ. Тэд буудаж, компанийн ажилтнуудыг газарт хэвтүүлэн, гар утсыг нь хураан, дараа нь компанийн баримт бичгийг авсан гэнэ. 

 

Энэ үйл явдал есдүгээр сарын эхээр болсон ч гэрчүүдийн дүрс бичлэг ням гарагт л олон нийтийн сүлжээгээр цацагджээ. Гэрчүүдийн өгүүлснээр, хувийн хамгаалалтын албанд ажилладаг үл мэдэгдэх хүмүүс нисдэг тэргээр ирж, гал нээн, дараа нь компанийн бичиг баримтыг авсан гэж БАЗА мэдээлсэн байна. 

 

Энэ үйл явдлын талаар Оросын Дотоод хэргийн яам мэдэж байгаа ч энэ асуудалд цагдаагийнхан оролцохгүй байгаа аж. Оросын хэвлэлүүдийн мэдээлснээр, өнгөрсөн онд мөн л хувийн хамгаалалтын албаныхан өөр нэг газрын тосны компанийн объектийг эзлэж байжээ.

 

Регнум агентлагийн мэдээлснээр, Эрхүүгийн газрын тосны компани нь хоёр эзэнтэй, тэд хоорондоо тохиролцож чадахгүй байгаагийн улмаас нэг нь нөгөөгөөсөө бичиг баримтыг булаан, компанийг эзлэн авсан аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин