Ливид далан задарсны улмаас үер бууж, олон мянган хүн амиа алдсан харамсалтай хэрэг болсон. Ливийн Дерна хот хамгийн ноцтой хохирлыг амссан бөгөөд гамшгаас үүдэлтэй хор уршгийг тооцоолоход хүндрэлтэй байгаа талаар олон улсын хэвлэлүүд мэдээлжээ.
Улаан загалмайн нийгэмлэг Дерна хотод тохиосон гамшгийн улмаас 11 мянган хүн амиа алдсан гэж мэдээлсэн бол Дерна хотын дарга 20 мянга орчим хүн амиа алдсан гэж мэдэгджээ. Түүнчлэн 20 мянга гаруй ор сураггүй болсон байна.
МИР24 сувгийн мэдээлснээр, байгалийн гамшгийн улмаас илүүтэй хохирсон Дерна хот даяар хаа сайгүй цогцос таржээ. Өдөр бүр цогцоснууд тэнгис рүү орж, улмаар ус бохирдсоны улмаас аюултай өвчин тархах эрсдэлтэй гэж НҮБ анхааруулжээ.
Хотын захиргааны мэдэгдсэнээр, олон улсын зүгээс тусламж ирж байгаа ч цогцоснуудыг тэнгис болон шавраас гаргах мэргэжилтнүүд хүрэлцэхгүй байгаа гэнэ.
"Энэ бол төсөөлөх ч боломжгүй сүйрэл. Ердөө л үер гэж бодтол ийм их лаг шавар үүснэ гэж бид бодсонгүй. Цогцоснууд шаварт дарагдаж, дөрвөн метрийн өндөртэй хог хаягдал хуримтлагдаад байна. Бид амиа алдсан хүмүүсийн хойноос Аллахд залбирч байна" хэмээн Дерна хотын оршин суугч Мусса Ибрагим ярьжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Дерна "сүнс хот" болон хувирсан гэнэ. Холбоо харилцааны шугам бүрэн эвдэрч, үүрэн холбоо, интернет ажиллахгүй байгаа аж. Хотын гудамж үндсээрээ булгарсан мод, эвдэрсэн машинуудаар дүүрчээ. Мөн энэ бүсэд нисэх буудал, далайн боомтуудыг хаасан байна.
Ливид тохиосон үерийн гамшигт 20 мянган хүн амиа алджээ
Г.Бямбасүрэн
Уншиж байна |