Диана гүнжийн цамц дуудлага худалдаагаар 1,14 сая доллараар зарагджээ
2023-09-15

Диана гүнжийн өмсөж байсан, олон цагаан хонин дунд ганцхан хар зүсмийн хонины зурагтай цамц Нью-Йорк хотод зохион байгуулагдсан дуудлага худалдаагаар 1,14 сая доллараар үнэлэгдсэн талаар ВВС мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, дуудлага худалдаа зохион байгуулагчид Дианагийн цамцыг 50-80 мянган доллараар үнэлж байсан гэнэ. Цахимаар явагдсан дуудлага худалдаа наймдугаар сарын 31-нд нээгдсэн бөгөөд эцсийн мөч хүртэл хамгийн дээд үнэ нь 200 мянган доллар байжээ. Гэвч дуудлага худалдаа хаагдахын өмнөхөн нэрээ нууцласан нэгэн хүн хамгийн дээд үнийг тав нугалсан санал тавьснаар Диана гүнжийн цамц 1,14 сая доллараар зарагдсан байна. 

Олон цагаан хонин дунд ганцхан хар хонь дүрслэгдсэн улаан цамцыг Диана Спенсер Чарльзын сүйт бүсгүй байхдаа, 1981 онд өмсөж байжээ. Энэ оны гуравдугаар сард Дианагийн цамцыг дээврийн хонгилоос олж, дуудлагаар худалдахаар болсон байна.

 

Диана гүнж энэ цамцаа өмсөж байгаад цоолж, улмаар энэ цамцыг Букингемийн ордон үйлдвэрлэгч рүү буцааж, элэгдэлд орсон хэсгийг засаж өгөх эсвэл яг ийм шинэ цамц илгээхийг хүссэн захидал илгээж байжээ.  Ингээд ижилхэн цамцыг үйлдвэрлэгч оёж өгсөн бөгөөд харин анхны загвар нь алдагдсанд тооцогдож байв. Харин 2023 оны гуравдугаар сард үйлдвэрлэгчийн байрны дээвэр дээр байсан эд зүйлс бүхий хайрцагнаас Диана гүнжийн цамцны анхны хувилбарыг олсон аж. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин