Байгалийн гамшигт өртөж, ноцтой хохирол амссан Ливийн Дерна хот олон улсын тусламж авч эхэлжээ. The Guardian сонины мэдээлснээр, Египет, Тунис, Арабын Нэгдсэн Эмират Улс, Турк, Катараас аврах багууд Ливид очсон байна.
Турк улс аврах багаа илгээсний дээр 148 эмнэлгийн ажилтны бүрэлдэхүүнтэй бүлэг, хоёр хээрийн эмнэлэг байгуулах тоног төхөөрөмж бүхий хөлөг онгоцыг Ливи рүү илгээхээр болжээ. Харин Их Британи Ливид нэг сая фунт стерлингийн хэмжээтэй тусламжийг эхний ээлжинд өгөхөөр болсон байна.
Ливид тохиосон гамшиг
Ливийн дорнод хэсэгт үер буусны улмаас 11 мянга гаруй хүн амиа алдаж, 20 мянга гаруй хүн сураггүй болсонд тооцогдож байгаа талаар Улаан загалмайн нийгэмлэг мэдээлсэн байна. Харин үерийн гамшигт илүүтэй өртсөн, боомт хот болох Дерна хотын дарга Абдулменам Аль-Гаити үүнээс хавьгүй их хүн амиа алдсан гэж мэдэгджээ.
Түүний өгүүлснээр, Дерна хотын хоёр далан сэтэрсний улмаас 18 000 -20 000 хүн амиа алдсан байна. Түүний өгүүлснээр, одоо амиа алдсан хүмүүсийн цогцосыг цуглуулах мэргэжилтнаий баг хэрэгтэй байгаа гэнэ. Далан сэтэрч, үер буух үеэр усны урсац хүмүүсийг хаман, тэнгис рүү цутгасны улмаас олон хүн амиа алдсан. Одоо тэнгист живж амиа алдсан хүмүүсийн цогцос тэнгисийн давалгаанд шидэгдэн, эрэг рүү хаягдаж байгаа гэнэ. Тэнгисийн эрэг дагуу байнга цогцос хаягдаж байгаа тул тун удахгүй бохирдсон ус, ил хаягдсан цогцоснуудын улмаас аюултай өвчин дэгдэж болзошгүй гэж НҮБ анхааруулжээ.
Олон хүн амиа алдсан шалтгаан
Ливид далан сэтэрсэнтэй холбоотой шалгалтын ажлыг явуулахаар зэхэж байгаа аж. Далан сэтэрч, үер буусны улмаас ийм олон хүн амиа алдсаны шалтгааныг шинжээчид шууд хэлэхгүй байгаа ч үерийн далан олон жилийн туршид чанарын шаардлагад нийцэхгүй байсаар ирсэн гэдгийг хэвлэлүүд онцолжээ.
Ливи хуурай халуун уур амьсгалтай, тиймээс их хэмжээний хур тунадас орсон нөхцөлд газарт шингэлгүй шууд үер буух эрсдэл өндөр байдаг аж. Үүний зэрэгцээ Дерна хотын далан эрт баригдсан, өнөөгийн нөхцөл, шаардлагад нийцэхээргүй болсон гэнэ. Үүний зэрэгцээ урьдчилан сэрэмжлүүлэх систем, шуурхай хариу арга хэмжээ авах журам ч мөн хуучирсан нь олон мянган хүн амиа алдахад нөлөөлжээ.
Дерна голын даланг 1973-1977 оны хооронд Югославын компани барьсан аж. Энэ нь Дерна болон хөрш хот, тосгодыг усаар хангах, тариалангийн талбайг услах дэд бүтцийн сүлжээний нэг хэсэг байжээ. Хоёр далан 75 болон 45 метрийн өндөртэй, усан сангийн хэмжээ нь 18 болон 1,5 сая кубметр байж. Улмаар үер бууж далан сэтэрснээр энэ их хэмжээний ус асар их хүчтэйгээр урсаж, замдаа таарсан болгоныг хаман тэнгисийг чиглэсэн аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |