НАСА-ын удирдлагын багт шинэ албан тушаал бий болжээ. Энэ нь хүмүүсийн дунд "үл танигдах нисдэг биет" гэж нэрлэгддэг үл танигдах ер бусын үзэгдэл судлах ажлыг хариуцсан захирал юм. Гэхдээ энэ албан тушаалыг албан ёсоор зарлахаас өмнө ийм ажил хийдэг хүн байсан бөгөөд тэрбээр үл танигдах нисдэг биеттэй тааралдсан гэх гэрчүүдийн яриа, ийм биет дүрслэгдсэн дүрс бичлэгүүдийг судалдаг хараат бус шинжээчийн комиссын ажилд тусладаг байжээ.
Пүрэв гарагт энэ комиссын ажлын үр дүнг НАСА-ын сайт дээр нийтлэсэн байна. Илтгэлд, жил гаруй хугацаанд хараат бус шинжээчид ажиллахдаа дүрс бичлэг дээр дүрслэгдсэн нууцлаг үзэгдлүүд болон объектууд нь харь гарагийнх гэдгийг батлах баттай нотолгоо олоогүй гэж дүгнэжээ. "Энэ нь чухамдаа юу болохыг бид мэдэхгүй" гэж НАСА-ын төлөөлөгч Билл Нельсон мэдэгдсэн байна.
Түүний онцолсноор, үл танигдах нисдэг биеттэй таарсан гэх бүхий л баримтуудыг нарийвчлан судласны дүнд объектуудын ихэнхийг таниж чадсан гэнэ. Эдгээр нь агаарын бөмбөлгүүд байсан бол зарим нь ердөө л агаар мандлын үзэгдлүүд байжээ. Гэхдээ оньсого хэвээр үлдсэн үзэгдлүүд ч байгаа гэнэ.
Нельсоны өгүүлснээр, тэр өөрөө огторгуйн орон зайд бусад соёл иргэншил байдаг гэдэгт итгэдэг аж. Огторгуйд олон тэрбум галактик бий, тэдгээр нь тус бүрдээ хэдэн тэрбум одптой, мөн эдгээрийн ихэнх нь дагуултай. Энэ үүднээс үзвэл харийн гарагт амьдрал байх боломжтой гэж тэр үздэг аж.
Нью-Йорк Таймс сонины хүсэлтээр НАСА аль нэг гараг дээр амьдрал үүссэн байх магадлалыг математик аргаар тооцоолжээ. Энэ тооцооллоос амьдрал үүссэн байж болзошгүй гараг 300 сая гэсэн дүн гарсан байна.
"Бид бусад ертөнц рүү одоогоор хүрч чадахгүй байгаа нөхцөлд бидэн дээр хүрч ирж чадсан харийнхныг технологийн тал дээр биднээс хавьгүй илүү хөгжсөн гэдгийг нь хүлээн зөвшөөрөх ёстой. Харийнхан үнэхээр л дэлхий дээр ирдэг бол НАСА энэ талаар бүгдийг мэдэхийг хүсэх нь мэдээж хэрэг" хэмээн Нельсоны орлогч Никола Фас өгүүлсэн байна.
НАСА ийм эрмэлзэлтэй байгаа тул үл танигдах нисдэг биетийн талаарх аливаа мэдээллийг нухацтайгаар судлахаар болжээ. Гэвч дүрс бичлэг болон бусад баримтуудын ихэнх нь чанар муутай байдаг тул НАСА хүмүүст хандан, ер бусын үзэгдэл ажигласан бол аль болох чанар сайтайгаар бичлэг хийхийг хүсчээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |