Есдүгээр сарын наймнаас есөнд шилжих шөнө Мароккод 6,9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, ихээхэн сүйрлийг дагуулсан юм. Энэ газар хөдлөлт тус улсад сүүлийн 60 жилд тохиосон хамгийн хөнөөлт газар хөдлөлт болсныг хэвлэлүүд онцолж байлаа. Мароккод аврагчид нурангийг зайлуулж, эрэн хайх аврах ажлыг үргэлжлүүлж байгаа бөгөөд энэ ажлын явцад нурангин дороос амьд үлдсэн хоёр охиныг аварчээ.
NBC агентлагийн мэдээлснээр, Атлассын уулан дахь Сиди Сен хэмээх бөглүү тосгонд 120 хүн амьдардаг бөгөөд газар хөдлөлтийн улмаас тэдний 12 нь амиа алдсан аж. Харин 10 настай Нюра охин нурангин дор хоёр өдрийг өнгөрүүлсэн ч эсэн мэнд гарч чадсан байна. Түүнтэй адил, мөн л хоёр хоногийг нурангин дор өнгөрүүлсэн 11 настай охиныг Талат-Ньякуб суурингаас аварчээ.
Газар хөдлөлтийн улмаас байшин барилга нурж, нурангинд даруулсан охид азаар хөнгөн гэмтэлтэй байгаа гэнэ. Харамсалтай нь, Нюра охин ахыгаа, 11 настай охин ээжийгээ байгалийн гамшгийн улмаас алджээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |