Хятадад авлигатай тэмцэх ажлыг сүүлийн жилүүдэд эрчимжүүлж, авлигын гэмт хэрэгт холбогдсон албан тушаалтнуудад ялын дээд хэмжээ өгөх хүртэл хатуу ял шийтгэл оноодог болсон. Энэ удаад Хятадын даатгалын компанийн захирлын албан тушаал хашиж байсан хүн цаазын ял сонсжээ.
SCMP сонины мэдээлснээр, China Life Insurance даатгалын компанийн захирлуудын зөвлөлийн дарга асан Ван Бинь 50 сая долларын авлига авсан хэрэгт буруутгагдан цаазын ял сонссон байна. Тэрбээр 1997-2021 оны хооронд төрийн алба хашиж байсан аж. Энэ хугацаанд шууд болон төрөл төрөгсдөөрөө дамжуулан 325 сая юанийн хахууль авсан нь илэрчээ. Түүнчлэн тэрбээр Хонконгт бусдын нэр дээр 56,42 сая юанийн хөрөнгийг гадаад валютаар байршуулсан нь төрийн албан хаагчийн журмыг зөрчсөн байна.
Ван Биньд оноосон ялыг хоёр жилээр хойшлуулсан шийдвэрийг Шаньдун мужийн Жинань хотын шүүх гаргажээ. Энэ хугацаанд цаазын ялыг суллагдах эрхгүйгээр бүх насаар нь хорих ял болгон өөрчилж болох аж. Түүнчлэн Ван Биний бүхий л өмч, хөрөнгийг хураахаар болжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |