Байгалийн гамшиг тохиож, үерийн далан задран живсний улмаас Ливийн Дерна хот эзэнгүй хот болсон талаар Ливийн Alhadath сонин мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, үерийн далан сэтэрч, хот бүхэлдээ усанд автан, үерийн урсац олон хүнийг тэнгис рүү урсгасны улмаас 6000 хүн амиа алдаж, 10 мянга гаруй хүн сураггүйд тооцогдож байгаа аж.
Дэниэль хар салхи есдүгээр сарын 10-ны ням гарагт Газрын дундад тэнгисиээр дайрч, Дерна хотын зам, байшингуудыг эвдэж, түүнчлэн Бенгази хот зэрэг эрэг дагуух бусад суурингуудыг ч сүйтгэжээ.
Ливийн урд хэсэгт үер бууж, Эль-Байд болно Дерна хотуудад нисэх буудал, боомтуудыг хаасан байна. Суса болон Дерна хотуудыг гамшгийн бүс гэж тооцсоны дараахан үерийн хэмжээ нэмэгдэж, бүхэл бүтэн бүс нутгийг сүйтгэжээ. Гамшгийн улмаас амиа алдсан хүмүүсийн тоо нэмэгдэж, 10 мянгад хүрч болзошгүй гэж холбогдох албаныхан мэдэгдсэн байна. Сураггүй болсон хүмүүсийг эрэн хайхад хөрөнгө хүч шаардлагатай байгаа тул олон улсад хандан тусламж гуйжээ.
Мөн Дерна хотын нөхцөл байдал аймшигтай байгаа, цогцоснууд гудамжаар дүүрч, оршин суугчид амьд үлдсэн хүмүүсийг олж магадгүй гэсэн найдлагатайгаар үерт автсан газруудад эрэн хайх ажил зохион байгуулж байгаа аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |