"Нүүрсний” гэх тодотголтой 11 хүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурал өчигдөр болж, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нийт шүүгчдээс татгалзах хүсэлт гаргаснаар хурал тодорхойгүй хугацаагаар хойшилсон.
Шүүх хуралдааны үеэр "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг шүүгчдээс татгалзах хүсэлт гаргах үеэрээ "Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар билүү. Тэр нөхөр Солонгост орд зарсных нь хариуд ирсэн мөнгийг над дээр биччих юмуу? Эцэггүй хүүхэд байвал бүгдийг нь над дээр биччих гэдэг шиг" хэмээх үгийг дайв. Л.Оюун-Эрдэнийн танхимын бүрэлдэхүүнд багтаж, шинээр байгуулагдсан Эдийн засгийн хөгжлийн яамыг толгойлж байгаа Ч.Хүрэлбаатар сайдтай холбоотой ноцтой баримтыг Б.Ганхуяг шүүх танхимаас онцлов. Товчхондоо тэр Ч.Хүрэлбаатар сайдыг орд зараад хариуд нь мөнгө авсан гэчихлээ.
Тэгвэл яг энэ асуудалтай холбоотойгоор Х.Баттулга Төрийн тэргүүн байхдаа хөндөж байв. Тухайн үед буюу 2017 онд У.Хүрэлсүхийн Засгийн газрын бүрэлдэхүүнд багтсан Ч.Хүрэлбаатарыг Сангийн сайдаар томилохыг Ерөнхийлөгч Х.Баттулга дэмжээгүй, хориг тавьсан. Учир нь тэр Ч.Хүрэлбаатарыг эрх мэдлээ ашиглан уул уурхайн лиценз худалдсан гэж үзсэн. Энэ нь Увс аймгийн Бөхмөрөн суман дахь Хотгор шанагын уурхай юм.
Дараа нь Ерөнхийлөгч асан Х.Баттулга “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцохдоо дурдлаа. “Тэрээр Хотгор шанага гээд дэд бүтэцгүй уурхайг Солонгос байтугай, Монголчууд ч бэлгэнд авахгүй. Уурхай бол дэд бүтэцтэй байж борлогдох боломжтой байх ёстой. Энэ хэрэгтэй холбоотойгоор Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч байсан хүн 15 жилийн ял авсан. Хотгор шанагын уурхай хэрэг нэг хэсэг нь. Манайд болохоор шинэ нөхцөл байдал гэдгээр эрүү үүсгэж, энэ хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдгээр хаачихаад байгаа юм. Энэ асуудлаар АТГ хөдлөхгүй бол миний бие БНСУ-ын шинэ Ерөнхийлөгчид захиа бичнэ" хэмээж байв. Тухайн үед Ч.Хүрэлбаатар сайд улстөрчдийн жишгээр өөрийгөө шалгуулна гэж АТГ-т хандаж, хэсэгтээ жүжиг тавиад асуудал намжсан байдаг.
Харин өнгөрсөн хавар БНСУ-ын Yonhap news агентлаг "Korea Coal" корпораци 2010 онд авсан Монгол Улс дахь нүүрсний уурхайгаа зарах гэж байна гэсэн мэдээлэл нийтлэв. Тус мэдээлэлд "Korea Coal" корпораци Хотгор шанага нүүрсний уурхайн 51 хувийг 10 сая доллар буюу тухайн үеийн ханшаар 10.9 тэрбум воноор худалдан авах гэрээг хоёр компанитай хийж байсан тухай мэдээллийг дурьдсаныг манай хэвлэлүүд орчуулан нийтэд хүргэжээ. Энэ удаад Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар ямар нэг тайлбар хийсэнгүй.
Тэгвэл одоо Б.Ганхуяг Ч.Хүрэлбаатарыг орд зарж, мөнгө авсан гэчихлээ. Тэгэхээр энэ мэдээллийн мөрөөр хууль хяналтын байгууллагынхан хэрхэн ажиллахыг харах л үлдэж байна.
П.ГОО