Хойд Солонгосын тэргүүн Ким Жон Ун ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзахаар мягмар гарагт Владивостокт очжээ. Энэ талаарх мэдээллийг олон улсын хэвлэлүүд дамжуулсан юм. Хойд Солонгосын төрийн тэргүүндийн хувьд уламжлал болсон хуягт галт тэргээр Ким 1200 км замыг 20 гаруй цаг туулан Орост очсон байна. Тэрбээр Орос руу зорчихдоо хуягт галт тэрэг ашигладаг бол өөр тийш зорчихдоо онгоц хөлөглөж, буусан газартаа ашиглахаар тансаг машинаа авч явдаг. Түүнд байх төрөл бүрийн унааны талаарх мэдээллийг хүргэе.
Орос хүрэх 1200 км замыг 20 гаруй цаг туулсан Ким Жон Уны хуягт галт тэрэг хамгаалалт нэн сайтай, нэмэлт хуягтай тул ойролцоогоор 50 км/цаг хурдална. Харьцуулвал, Британийн хурдны галт тэрэг 200км/цаг хурдалдаг бол Японы "Синкансен" 320 км/цагийн хурдтай. Үүнтэй харьцуулахад, Хойд Солонгосын төрийн тэргүүний галт тэрэг хоцрогдсон ч гэлээ Кимийн аюулгүй байдлыг дээд зэргээр хангах зориулалттай гэдгээрээ ялгарна.
Ким Жон Уны хуягт галт тэргийг Taeyangho гэж нэрлэх бөгөөд энэ нь нар гэсэн утгатай, түүнчлэн БНАСАУ-ыг үндэслэгч Ким Ир Сенийг бэлэгдэх үг аж.
Эртний уламжлал
БНАСАУ-ын анхны төрийн тэргүүн, Ким Жон Уны өвөө Ким Ир Сен хуягт галт тэргээр аялах уламжлалын эхлэлийг тавьжээ. Тэрээр ийм галт тэргээр Вьетнам, Зүүн Европ руу аялж байв.
Төрийн тэргүүн зорчиж яваа учир эдгээр галт тэргийг сайтар хамгаална. Аюулгүй байдлын албаны ажилтнууд аяллын чиглэл, өртөөнүүдэд бөмбөг нуусан эсэх, өөр аливаа аюул занал байгаа эсэхийг сайтар шалгадаг аж.
Ким Жон Уны аав, 1994 оноос 2011 оны хооронд, таалал төгсөх хүртлээ Хойд Солонгосыг удирдсан Ким Чен Ир нисэхээс айдаг байсан тул галт тэргээр аялдаг байсан гэх мэдээлэл бий. 2001 онд Ким Чен Ир Влаздимир Путинтэй уулзахын тулд Москва руу 10 хоног галт тэргээр аялж хүрсэн гэдэг.
2001 онд Ким Чен Ир Орос руу аялах үед дагалдан явсан Оросын цэргийн дарга Константин Пуликовский "Дорны буухиа" дурдатгал номондоо галт тэргэн дэхь тансаглалыг дурсаж, "Орос, хятад, солонгос, япон, франц гээд ямар ч хоол захиалж идэх боломжтой байлаа" хэмээн бичжээ. Энэ галт тэргэнд зорчих өндөр дээд хэмжээний аялагчид зориулж амьд наймаалж хүргэж, харин Францаас дээд зэргийн дарс авчруулдаг байжээ.
Оросын Ерөнхийлөгчийн галт тэрэг ч тав тухтай байдлаараа Ким Чен Ирийн галт тэргийг гүйцэхгүй гэж Пуликовский бичсэн байв. Мөн энэ галт тэргэнд 2001 онд аялж байсан, Оросын дипломатч Георгий Толорая энэ аяллын талаар дурсахдаа мөн л тансаг зэрэглэлд тооцогддог байсан хүнсийг хүмүүст өгдөг байсныг онцолжээ. Түүнчлэн галт тэргэнд зорчиж яваа хүмүүсийг жүжигчид, дуучид баясгадаг байсан гэнэ.
Өмнөд Солонгосын Чосун ильбо сонин 2009 оны 11 дүгээр сард гаргасан нийтлэлдээ, энэ хуягт галт тэргэнд нийтдээ 90 орчим вагон байсан хэмээжээ. Вагонуудыг ногоон өнгөөр будаж, дотор нь хурлын танхим, ажлын өрөө, унтлагын өрөө тохижуулсан бол хэвлэлийн хурал хийхэд зориулж хиймэл дагуулын утас, орчин үеийн телевизор байрлуулсан байдаг аж.
Харин Ким Жон Уны аав нисэхээс айдаг байсан бол хүү нь ийм айдасгүй. Тэрбээр Орост үйлдвэрлэсэн хувийн онгоцоороо хэдэнтээ нислэг үйлдэж байв. Гэхдээ 2019 онд Владивостокт ирэхдээ Ким Жон Ун хуягт галт тэргээр очсон юм.
Хувийн онгоц
Галт тэрэгнээс гадна Ким өөр төрлийн тээврийн хэрэгслүүд ч ашигладаг. Тухайлбал, Ким Жон Ун төрийн эрхэнд гарснаасаа хойш анхны гадаад айлчлалаа 2018 оны тавдугаар сард Хятадын Далянь хотод хийхдээ онгоцоор очиж байв.
Түүний зорчсон онгоц нь Зөвлөлтийн үеийн Ил-62 онгоц юм. Үүнийг хойд солонгосчууд "Чаммэ-1" гэж нэрлэдэг бөгөөд энэ нь тус улсын бэлгэдлүүдийн нэг шонхор шувууг илтгэсэн үг юм. Мөн энэ онгоцыг Өмнөд Солонгост 2018 онд болсон Өвлийн олимпод Хойд Солонгосын төлөөлөгчдийг хүргэхэд ашиглаж байлаа.
Онгоцны хоёр талд солонгос хэлээр Хойд Солонгосын албан ёсны нэрийг бичиж, хажууд нь төрийн далбааг дүрсэлсэн байх аж. Онгоцны сүүлэн дээр улаан, цэнхэр тойрог дунд улаан одыг дүрсэлжээ. Энэ онгоцны дотор талыг орчин үеийн байдлаар тохижуулсан байдаг аж.
2014 онд Хойд Солонгосын телевизээр гарсан баримтат кинонд Ким Украины Ан-148 онгоцоор зорчиж байгаа нь дүрслэгджээ. Харин 2015 онд Хойд Солонгосын төрийн хэвлэлүүд Ким Жон Ун "дотоод"-ын хөнгөн онгоцыг жолоодож, Ан-2 биплан удирдаж байгааг харуулсан байна.
Тансаг автомашин
Ким Жон Ун гадаад айлчлалынхаа үеэр өөрийн машиныг ашигладаг. Тухайлбал, Далянь хотод Ши Жинпиньтэй уулзахаар ирэхдээ хотоор Mercedes-Benz S-Class машинаараа зорчиж байв. Эдгээр машиныг мөн л хуягт галт тэргээр авчирж байжээ.
Ким Жон Ун тансаг зэрэглэлийн хэд хэдэн машинтай, тэдгээрээс Mercedes-Benz S-Class машиныг түлхүү ашигладаг аж. 2010 онд үйлдвэрлэгдсэн энэ машиныг авахын тулд төсвөөс 1,8 сая доллартай тэнцэх хөрөнгө гаргажээ.
Түүнчлэн, 2018 онд Панмунжомд болсон хоёр Солонгосын дээд хэмжээний уулзалтын үеэр Ким өөрийн машинтай ирж байлаа. Мөн түүний хувийн бие засах газар болгон тохижуулсан машиныг ч тухайн үед аваачиж байжээ.
Дарвуулт завь
Хойд Солонгосын төрийн хэвлэлүүд Ким Жон Ун жижиг хөлөг онгоц,шумбагч онгоц, автобус зэрэг төрөл бүрийн тээврийн хэрэгслээр зорчиж байгааг харуулсан гэрэл зураг удаа дараа нийтлэж байв. Кимийн мэдэлд байх тээврийн хэрэгслийн нэр төрөл маш их хэдий ч гадаад айлчлалын үеэр онгоц, галт тэрэг, машинаас өөр тээврийн хэрэгсэл төдийлөн олны анхааралд өртөөгүй байгаа юм.
2013 оны тавдугаар сард Хойд Солонгосын төрийн хэвлэлүүд Ким загас агнуурын станцад айлчилж байгаа үеийн гэрэл зургийг нийтлэж байв. Энэ гэрэл зураг дээр дарвуулт завь байгааг олон улсын хэвлэлийнхэн ажигласан юм. Энэ дарвуулт завь Кимийнх гэсэн баталгаа байхгүй. Түүнчлэн БНАСАУ-ын эсрэг тавьсан, тансаг эдлэлийн олон улсын хориг үйлчилсээр байхад ийм дарвуулт завийг Хойд Солонгос руу хэрхэн авчирсан нь ч тодорхойгүй.
Энэ дарвуулт завь 7 000 000 доллар орчмын үнэтэй, тиймээс завины эзэн нь энгийн нэгэн солонгос хүн байх боломжгүй. Тухайн үед олон улсын хэвлэлүүд дарвуулт завины эзэн нь Ким хэмээн мэдээлж байлаа.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |