ОХУ-ын Саратов мужид ОХУ-ын Коммунист намын гишүүн, Балашовын хотын зөвлөлийн гишүүн 67 настай Олег Непеинийг шүүх хурал болжээ. Энэ талаар The Moscow Times сонин мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, 67 настай Олег Непеинийг үзэн ядалтын сэдлээр армийн тухай худал мэдээлэл тараасан гэж буруутган, гурван сарын хугацаанд сэтгэцийн эмнэлэгт албадан эмчилгээнд хамруулах шийдвэрийг шүүхээс гаргасан байна. Түүнийг буруутгах шалтгаан нь Непеин телеграм чаатад "Владимир Путин Украины ард түмнийг устгахад чиглэгдсэн ажиллагааг удирдаж, Путиний үйлдэл 20 мянган орос хүнийг үхэл рүү нь илгээсэн гэж бичсэнтэй холбоотой аж.
Зургадугаар сард түүнийг сэтгэцийн эмнэлгийн шинжилгээнд хамруулсан бөгөөд сэтгэцийн эмч нар түүнийг шизофрени өвчинтэй, "гэмт хэрэг үйлдэхээс ч өмнө өвчний шинж тэмдэг илэрсэн" гэсэн дүгнэлт гаргажээ.
"Одоогоор Непеин үйлдлээ ухамсарлах, шүүх дээр бие даан өөрийгөө болон ашиг сонирхлоо төлөөлөх чадваргүй, өөрт болон бусдад аюултай тул албадан эмчилгээнд хамруулах шаарплагатай" гэж шүүхийн дүгнэлтэд өгүүлсэн байна.
Непеинийг энэ оны тавдугаар сарын дундуур саатуулж, урьдчилан хорих төв хорьжээ. Улмаар хорих хугацаанд сэтгэцийн эмнэлгийн шинжилгээнд хамруулж, энэ долоо хоногт болсон шүүх хурлаар түүнийг сэтгэцийн эмнэлэгт албадан хэвтүүлэхээр болсон байна
Г.Бямбасүрэн
Уншиж байна |