ОХУ-ын Вологда мужид Су-24 бөмбөгдөгч онгоц сүйрсэн талаар тус улсын Батлан хамгаалах яам мэдэгдсэнийг The Moscow Times сонин дамжуулжээ.
Батлан хамгаалах яамны мэдэгдсэнээр, сургалт бэлтгэлийн нислэг гүйцэтгэж явах үедээ бөмбөгдөгч онгоц хнүгүй газар сүйрсэн байна. Ослын газар руу эрэн хайх, аврах албаны Ми-8 нисдэг тэргүүдийг илгээсэн байна.
Бөмбөгдөгч онгоцны экипажийн хоёр нисгэгч хэрхсэн нь тодорхойгүй. Энэ онгоц есдүгээр сарын 12-ны 19.00 цагт хөөрснөөсөө хойш радараас алга болжээ. Онгоц сүйрсэн бүсэд галын гурван голомт илэрсэн байна.
Су-24 онгоц мягмар гарагт ийнхүү сүйрсэн нь 2023 он гарснаас хойш Оросын цэргийн онгоц сүйрсэн ес дэх тохиолдол юм. Үүнээс өмнө, наймдугаар сарын 12-ны өдөр Калининград мужид Су-30 сөнөөгч онгоц сүйрч, экипаж нь амиа алдсан.
2023 оны хоёрдугаар сарын эхээр Су-25 онгоц байлдааны даалгавар биелүүлснийхээ дараа Белгород мужид сүйрч, нисгэгч нь амиа алдсан бол дөрөвдүгээр сард Мурманск мужид МиГ-31 сөнөөгч онгоц сүйрч, нисгэгчид нь амжилттай газардаж чадсан юм. Харин тавдугаар сард Брянск мужид ОХУ-ын Агаарын цэргийн хүчний нислэгийн групп сүйрсэн бөгөөд энэ бүлэгт Ми-8 нисдэг тэргүүд, Су-34 сөнөөгч, Су-35 сөнөөгч онгоцны нийт есөн нисгэгч амиа алдсан.
Цаашлаад, зургадугаар сарын 24-ний өдөр, Вагнер компанийн бослогын үеэр Воронеж мужид ил-22М онгоцыг вагнерчууд сөнөөж, улмаар экипажийн 10 гишүүн бүгд амиа алдсан бол долдугаар сард Камчатк хязгаарт МиГ-31 сүйрч, харин Азовын тэнгист Су-25 онгоц унаж байлаа.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |